Алунгоо эхийн сургаалийн баяр 7-р сарын 28-30 өдрүүдэд болно
- 2018-07-20
- Орон нутаг
- 0
2002 оноос хойш энэхүү баяр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд тогтмол зохион байгуулагддаг болсон юм.
“Монголын нууц товчоо” зохиолд тэмдэглэгдэн үлдсэн Алунгоо хатны төрсөн нутаг Аригийн гол тус сумын нутгаар дамнан урсдаг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдгаас улбаалан 1992 онд Алунгоо хатны дурсгалын хөшөөг 3м өндөртэйгөөр Аригийн голын урд талд Тарагны овоо хэмээх бяцхан өндөрлөг дээр босгосон түүхтэй. Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-иш зохиож, өөрөө урласан гэдэг. Уг хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг юм.
Чингис хааны мэндэлсэний 840-н жилийн ой тохиосон 2002 оны 8-р сарын 28-29-нд "Алунгоо эхийн сургаалийн баяр"-ыг анх Чандмань-Өндөр сумын Засаг дарга, түүхч-судлаач Х.Энхтүвшингийн санаачлагаар тэмдэглэж эхэлсэн бөгөөд баярыг Чандмань-Өндөр сумын ЗДТГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын саран ээж нийгэмлэг, Чингис хааны холбоо хамтран зохион байгуулдаг уламжлал тогтон, Монгол түмний тэмдэглэн өнгөрүүлдэг олон олон баяруудын дундаас "Хатан ээжийн сургаалийн баяр" гэдгээрээ онцлог өвөрмөц арга хэмжээ болж 4 жил тутамд зохион байгуулагдаж төлөвшсөн юм.
"Монголын нууц товчоо"-нд бичсэнээр Алунгоо бол Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх буюу монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий юм. Түүний эцэг нь хорь түмдийн ноён Хорилдай мэргэн, Алунгоо Добу мэргэний гэргий болж Бэлгүнүдэй, Бэгүнүдэй гэдэг 2 хөвгүүн төрүүлсэн. Добу мэргэнийг нас барснаас хойш Буха Хатаги, Бухату-салжи, Бодончар мунхаг гэдэг гурван хүү төрүүлжээ. Нэгэн өдөр их хоёр хөвүүн нь “Эр хүн үгүй атал эд гурван хөвүүдийг төрүүлэв. Тэд лав Маалиг баягуудай хүмүүний үрс биз” хэмээн эхээ сэжиглэх үгсийг сонссон Алунгоо эх 5 хөвгүүнээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжгээд сум өгч үүнийг хугал гэхэд нь бүгд амархан хугачиж орхив. Бас 5 сумыг нийлүүлж багцлаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдоод хугалж эс чадав. Алунгоо эх:
"Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хялбархан дийлдэх болно. Эв эеэ нэгтгэвэл тэр багласан сум мэт бөх болж хэнд ч хялбар дийлдэхгүй" хэмээн сургасан нь энэ цагт ч Монгол түмний оюун санаад үнэт, нандин сургааль болон өвлөгдөн уламжлагдаж, ирсэн юм. Алунгоо хатан ээжийн ЭВ ЭЕ-ийн сургааль ийм буюу.
“Алунгоо нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, үс хийгээд бие гоо үзэсгэлэнт, дуу яруу, бие нарийн, тэгш шулуун, биелэг чанар бүрдсэн” хэмээн их түүхч хамба Ишбалжир түүхэнд бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг.
Ийнхүү Хөвсгөлчүүд, тэр дундаа Ариг усны Урианхай ястнуудын хүсэн хүлээдэг уламжлалт баяр болсон Алунгоо эхийн сургаалийн баяр дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдсаар, жилээс жилд цар хүрээ, агуулга, үр өгөөж нь өсөн нэмэгдсээр байна.
2014 онд Улсын Харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын начин А.Батмөнх үзүүрлэв
Энэ жил уг баяр 2018- оны 7-р сарын 28-аас 30-ны өдрүүдэд болох бөгөөд нутгийн зон олон ЭВ ЭЕ-ийн баяртаа зориулж бэлтгэл ажлуудаа бүрэн хангажээ.
Уг баярыг зорин Хөвсгөл аймгийн бусад бүх сумдаас зочид төлөөлөгчид хүрэлцэн очдог бөгөөд, газар газрын Урианхай ястнууд болон хилийн чанадаас Буриад, Өвөрмонгол болоод бусад улсын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, жуулчдын анхаарлыг татсан сайхан баяр наадам болдог тул мэдээллийг уншиж буй эрхэм та ч бас Монголчууд бидний өндөр дээд эмэг Алунгоо хатны сургаалийн баярт оролцон, хүндэтгэл үзүүлэх боломжтой юм.
Сэтгүүлч Ю.Шүрэнцэцэг
Сэтгэгдэл (0)