Монгол Улсад 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байна

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн IV шатны үнэлгээг Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл баталж, 36.91 сая ам.долларын санхүүжилт Монголбанкны дансанд орсон. Ингэснээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Олон Улсын Валютын Сангаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 184.55 сая ам.долларт хүрсэн билээ.

Олон Улсын Валютын Сангаас “Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, төсвийн болоод гадаад валютын үзүүлэлтүүд зорилтоос давж биелсэн” гэж дүгнэж буй юм. Гэвч чанарын буюу бүтцийн өөрчлөлтийн бодлого, төсвийн зөвлөл байгуулах зэрэг ажлуудыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн Монгол Улс гадаад дотоод гэнэтийн нөхцөл байдалд өртөмтгий хэвээр байгааг анхааруулсан.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд Монгол Улсад нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгджээ. Харин 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд:

2017 оны хоёрдугаар сарын 19-нд Монгол Улсын эрх баригчидтай 314.505 сая зээлжих тусгай эрх (Монгол Улсын квотын 435 хувь) буюу ойролцоогоор 440 сая ам. долларын, гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд ажлын хэсгийн түвшинд хүрсэн талаар ОУВС-гаас мэдэгдсэн.

ОУВС-гийн санхүүгийн дэмжлэгийн хүрээнд Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк болон бусад хоёр талт хандивлагчдаас нийтдээ 5.5 тэрбум орчим ам. долларын зээл, буцалтгүй тусламж олгогдоно. Ингэснээр Монгол Улсын өндөр өртөгтэй зээллэг хийх хэрэгцээ шаардлага багасч, өрийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолсон.

Өнгөрсөн хугацаанд төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлсний уршгаар Монгол Улсын эдийн засагт одоогийн хүндрэл бэрхшээл тулгарч, өрийн хэмжээ нэмэгдсэн учраас Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан хөтөлбөр төсвийн алдагдлыг бууруулж, зарлага санхүүжилтийн сахилга батыг сахихад гол анхаарлаа хандуулж буйг албаныхан мэдээлж буй юм.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд эдийн засгийг солонгоруулах, нэн ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн нөөц бололцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бусад шинэчлэлийн арга хэмжээнүүд авагдана. Мөн түүнчлэн, бизнесийн орчинг өрсөлдөх чадвартай болгож хөгжүүлэн, хөрөнгө оруулалтыг татаж, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж мэдээлсэн билээ.

Монгол Улсын эрх баригчид нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах тууштай байр суурьтай байгаагийн хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх чиглэлд тавихын зэрэгцээ нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх замаар эмзэг бүлэгт ирж болзошгүй сөрөг нөлөөллийг зөөлрүүлнэ. Энэ зорилгоор нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зорилтот бүлэгт илүү сайн чиглүүлж, оновчтой болгоно.

Тухайлбал, “Хүүхдийн мөнгө”-ийг хамгийн ядуу 40 хувьд чиглүүлж, үүнээс бий болох хэмнэлтийг хамгийн эмзэг гэсэн зорилтот бүлэгт илүү сайн чиглэгдсэн хүнсний талон хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Түүнчлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгож, зөвхөн өндөр орлоготой өрхийн төлөх татварын хувь хэмжээг өсгөнө гэж мэдээлсэн билээ.

Хөтөлбөрийн санхүүжилтийг өрийн тогтвортой байдлыг хангах зорилттой уялдуулан шийдвэрлэх үүднээс Засгийн газар өрийг зохицуулах үйл ажиллагаа эхлүүлсэн. Энэ хүрээнд одоо байгаа хувийн хэвшлийн зээлдүүлэгчдийн оролцоог хадгалж авч үлдэх нь чухал ач холбогдолтой юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)