Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний хагас жилд 4.1 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.1 их наяд төгрөгт хүрлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний хагас жилд 676.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол 2018 оны эхний хагас жилд 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Татварын нийт орлого 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 842.6 (29.9%) тэрбум төгрөгөөр өсөхөд тусгай зориулалтын орлого 0.4 (6.9%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 240.3 (33.7%) тэрбум төгрөг, орлогын албан татвар 219.6 (31.2%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 132.8 (63.7%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 92.7 (15.1%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 89.9 (41.9%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 53.4 (18.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 80.4 хувийг татварын орлого, 10.5 хувийг татварын бус орлого, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний хагас жилд 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 172.2 (4.4%) тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн зардал 120.4 (23.4%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч урсгал зардал 196.7 (5.9%) тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 95.9 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 86.0 хувь, хөрөнгийн зардал 9.6 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 4.4 хувийг эзэлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)