“Эрдэнэт” үйлдвэр гадаад харилцаагаа бэхжүүлэн баяраа тэмдэглэлээ
- 2018-07-31
- Орон нутаг
- 1
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит “Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн хурдан морьдын даншиг наадамд үйлдвэрийн гадны түнш байгууллагуудын төлөөлөл оролцсон. “Уурхайчин” соёлын ордны дэргэдэх дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид “Сэлэнгэ” амралтын баазад “Монголын нэг өдөр” урлагийн тоглолтоор бэлэг барьсан. Тэд Монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг, соёлыг харуулсан энэхүү тоглолтоор дамжуулан гадны зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчилав. “Монголын нэг өдөр” өдөрлөг бүхэлдээ алдарт зураач Марзан Шаравын Монголын нэг өдөр зурагт дүрсэлсэн нүүдэлчдийн амьдрал, аж төрөх бүхий л зан үйлийг бүгдийг нь багтаасан байлаа. Тус тоглолтыг “Уурхайчин” соёлын ордны уран сайхны удирдаач Д.Одончимэг найруулсан юм. Энэ үеэр зочдын анхаарлыг хоёр зуун жилийн тэртээд өвөг дээдсийн маань амьдарч, аж төрч байсан монгол гэр татаж байлаа. Эсгий туурга, унь, хана, гэрийн доторх эд агуурс бүгдийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчин айл хадгалж байжээ. Нүүдлийн ахуйн амьдралын том өв соёлыг харуулсан энэ гэрийг “Сэлэнгэ” амралтын баазын захирал И.Жаргалсайхан Өмнөговь аймгаас авчирсан байна. Өөр хаана ч байхгүй энэ ховор дурсгалт гэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д иж бүрнээр нь үлдээн хадгалахаар боллоо. Түүхт ойдоо зориулан зохион байгуулж байгаа үйл ажиллагааны нэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит Төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт хурд-2018” даншиг наадам юм. Тус наадмыг Монгол улсын Засгийн газар, Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилладаг ОХУ, Канад, Хятад зэрэг орны 10 гаруй байгууллагын түншүүдтэйгээ баяраа тэмдэглэж, гадаад харилцаагаа өргөжүүлэн, ажил хэрэгч уулзалтыг ч зэрэгцүүлсэн юм. Хүндтэй зочдын нэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч захирал асан Борис Алексеевич Кутлин байлаа.
Гадаадын зочдын дунд Монгол оронд анх удаа ирсэн нь ч цөөнгүй байв. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит наадам, гадны зочиддоо бэлэг барьсан “Монголын нэг өдөр” өдөрлөг тэдний сэтгэлийг хөдөлгөж, Монгол оронд айлчлан ирсэндээ баяртай байгаагаа компанийн удирдлагуудад хэлж байлаа.
У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл (1)
(202.21.113.238)
Эрдэнэтийн удирдлага хамтарч шахаа хийдэг гадаадын хэдэн найзуудаа л урьсан байна, зүйн нь үе үеийн удирдлагуудаа урих байсан юм, хогийн новшнууд юмаа