Вагон засварын депо, шинэ засварын цехтэй боллоо
- 2018-08-02
- Орон нутаг
- 0
Зүүн хараа дахь ачааны вагон засварын депо, шинэ засварын цехтэй боллоо. Монгол улс сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж тэр хэрээр төмөр замын тээвэрлэлт өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад төлөвлөгөөт засварт орох вагоны тоо нэмэгджээ.
Ингэснээр вагон засварын цехийн хүчин чадал тавин хувиар нэмэгдэж гадны улс оронлуу урсдаг байсан засварын зардалыг хэмнэж байгаа хэрэг юм.
Шинээр ашиглалтад орж байгаа засварын цехийн тоног төхөөрөмжүүдийг дотооддоо угсарсан байна. Тодруулвал ОХУ-аас авдаг байсан вагон өргөх цахилгаан домкрат, эд ангийн шахуурга, тэргэнцэр эргүүлэгч төхөөрөмж зэрэг 37 нэр төрлийн тоног төхөөрөмжийг өөрсдөө үйлдвэрлэн суурилуулжээ. Ингэснээр бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг дотооддоо угсардаг, их засвар хийдэг болжээ. Хүний ажиллагааг хоёр дахин хөнгөвчилсөн бүрэн тоног төхөөрөмж бүхий шинэ засварын цех ашиглатад орсоноор засварын цехийн хүчин чадал нэмэгдэж өдөрт 12 вагон буюу жилд 3900-4200 вагоныг засвараас гаргах боломжтой болж байгаа юм.
Мөн хуучин засварын цехээ ашиглан нэг талд нь дугуй засвар, нөгөө талд нь хос дугуй засварын цехийг нээн ажлуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр ОХУ-руу явуулж засуулдаг байсан засварыг эх орондоо хийх, засварын ажилд зарцуулдаг 3,2 тэрбум төгрөгийг 40 хувиар багасгах боломжтой. Дугуй эмхэтгэн угсрах хэсгийг ашиглалтад оруулсанаар өдөрт 4-6 хос жилд 600-1200 хос дугуй шинээр угсарч дугуйн нөөцийг бүрэн хангах боломжтой болж байгаа юм.
Зүүн хараа дахь ачааны вагон засварын депо, шинэ засварын цехийн нээлтийн үеэр засварын цехийг барьж байгуулах тоног төхөөрөмжийг зохион бүтээж суурилуулах ажилд гар бие оролцсон замчдыг хүндэт төмөр замчин, төмөр замын алдар, тэргүүний төмөр замчин цол тэмдэгээр шагнаж урамшууллаа.
Монгол улс жилд 150 ачааны вагон угсрах хүчин чадалтай
Монгол улс дотооддоо 5 ачааны вагон угсарсан. Эдгээр вагонууд ачааны зориулалтаар бүрэн ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор 80 мянган тонн ачаа тээвэрлээд байгаа юм. Монголд угсарсан ачааны вагон 70 тонны даацтай 30 жил ашиглагдах хугацаатай угсрагддаг. Манай улс жилдээ 150 ачааны вагоныг дотооддоо угсрах бүрэн боломжтой. Энэ жил 10 вагон угсрахаар төлөвлөсөн байна.
Монголд вагон угсрах үйлдвэрийн бааз, чадварлаг инженерүүд хүний нөөц нь бий. Мөн вагон засварын дэлхийн стандартад нийцсэн засварын цехтэй болсон. Тиймээс зөвхөн улсынхаа хэрэгцээг хангаад зогсохгүй бүс нутагтаа вагон үйлдвэрлэн нийлүүлж ачааны вагоны үйлдвэрлэлд өрсөлдөхөөр зорин ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)