Улаанбаатар-Дорноговь чиглэлд нэмэлт автобус үйлчилж байна
- 2018-08-13
- Орон нутаг
- 0
Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас төмөр замын далан сэтэрч, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумаас Дорноговь аймгийн Айраг сум хүртэлх төмөр замаар галт тэрэг зорчих боломжгүй болсон.
Үүнтэй холбоотойгоор УБТЗ ХНН, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас шуурхай арга хэмжээ авч, зорчигчдыг Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймаг дахь Чойр өртөө хүртэл галт тэргээр, Чойр өртөөнөөс Дорноговь аймгийн Айраг өртөө хүртэл том оврын автобусаар, Айраг өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл галт тэргээр тээвэрлэх холимог тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллажээ.
Улаанбаатар хотоос том оврын 16, Дорноговь аймгаас том оврын 5 нийт 21 автобусаар,
- Чойр өртөөнөөс Айраг өртөө рүү гурван удаа давхардсан тоогоор 24 тээврийн хэрэгслээр 928 зорчигч,
- Сайншанд өртөө рүү таван тээврийн хэрэгслээр 159 зорчигч,
- Айраг өртөөнөөс Чойр өртөө рүү хоёр удаа давхардсан тоогоор 20 тээврийн хэрэгслээр 930 зорчигчид буюу нийт 2017 зорчигчийг шилжүүлэн суулгаж, хүндрэл чичрэгдэлгүй, түргэн шуурхай тээвэрлэсэн байна.
Холимог тээвэрлэлтийг зохион байгуулах ажилд ЗТХЯ-ны АТБХЗГ, АТҮТ ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хөдөлгөөний удирдлагын хэлтэс болон Говь-Сүмбэр аймгийн АТТ, Дорноговь аймгийн АТТ, Замын-Үүд салбарын удирдлага, ажилтан, албан хаагчид нэмэлтээр ажиллажээ.
Цаашид зорчигч урсгалын ачааллаас шалтгаалж нэмэлтээр тээврийн хэрэгсэл гаргах бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчигчид үер усны аюултай энэ үед албан ёсны зөвшөөрөлгүй баталгаагүй тээврийн хэрэгслээр зорчиж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл (0)