Д.Отгонбаяр: Тусгай хамгаалалттай газраас самар бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байх

 

Намрын сэрүү орохтой зэрэгцэн иргэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр самар түүж, зарах нь элбэг болдог. Тэгвэл энэ жил самрын гарц муу байгаа учраас түүхгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Энэ хүрээнд БОАЖЯ- ын харьяа Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.ОТГОНБАЯРТАЙ ярилцлаа.

-Энэ жил самрын гарц ямар байна. Зөвшөөрлийг хэзээнээс олгох вэ?

-Энэ оны хувьд бага ургацын жил тохиож байна. Өөрөөр хэлбэл, иргэд түүж ашиг олох хэмжээний самар ургахгүй байх төлөвтэй нь ажиглагдсан. 2016 онд их, 2017 онд бага ургацын жил тохиож байсан. Харин энэ жил өмнөх 2017 оныхоос бага байх хандлагатай байна. Байгаль хамгаалагч болон мэргэжилтнүүд самрын ургалт, гарцын талаар судалгаа, тандалт хийсэн. Тэдний өгсөн мэдээллээр хойд тал руугаа буюу Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал, Ерөө орчимд арай илүү, харин Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Мөнгөнморьт тал руугаа маш бага ургасан. Энэ нь хүн түүж, ашиг олох хэмжээнийх биш. Шувуу, хэрэмний хоол болоод дуусах хэмжээнд ургасан. Аймаг, сумын ойн анги, байгаль хамгаалагч өөрийн нутаг дахь самрын нөөц, ургацыг тогтоож, БОАЖЯ- нд саналаа ирүүлдэг. Жишээлбэл, Хэнтий аймгийн тэр суманд самрын ургац сайн, тэр суманд муу байгаа учраас түүж болохгүйг судалгаагаар гаргадаг юм. Үүний дараа самар түүх газрууд тодорхой болж БОАЖ- ын сайдын тушаалаар тусгай хамгаалалттай газраас ахуйн зориулалтаар самар түүх зөвшөөрөл олгодог. Энэ жил самар бага ургасан учраас тусгай хамгаалалтай газраас самар бэлтгэх тушаал гарахгүй байх.

-Зөвшөөрөл олгохгүй болохоор хууль бусаар самар бэлтгэх явдал газар авах байх даа. Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Тусгай хамгаалалттай газраас нэг иргэн ахуйн хэрэглээндээ зориулж 25 кг самар түүх журамтай. Гэтэл энэ хэмжээнээс илүү мөн зөвшөөрөлгүй хууль бусаар самар түүсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авдаг. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 7.9 зүйлийн 7.9.1 заалтыг үндэслэн зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг таван зуун нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Түүнчлэн ой модонд ноцтой хохирол учруулбал экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоодог. Хэрвээ үнэлгээ хөдөлмөрийн хөлснөөс дээш хэмжээтэй гарвал эрүүгийн хэрэг үүсгэнэ. Тиймээс захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хууль бус үйлдлийг хийхгүй байхыг иргэдээсээ хүсч байна.

-Иргэд самрыг гүйцэт боловсроогүй үед нь түүж, түүнийгээ борлуулдаг. Үүнд ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Аймаг, сум, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавьж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг. Гэсэн хэдий ч хушны самрыг хууль бусаар бэлтгэх явдал буурахгүй байна. Энэ нь нэг талаараа эрэлт хэрэгцээтэй холбоотой. Байгалийн бүтээгдэхүүн хямд өртөгтэй байдаг. Түүнийг өндөр үнээр худалдаалдаг учраас иргэд их хэмжээгээр самар түүдэг. Хушны самар түүх зөвшөөрлийг өмнө нь хуулиараа аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15- ныг хүртэлх хугацаанд олгодог байсан. Харин сүүлд журмыг нь шинэчилж, самрын болцоос хамаарч түүдэг болсон. Тусгай хамгаалалттай газрын ойгоос самар түүх гэж байгаа иргэд тухайн орон нутгийнхаа дархан цаазат газрын байгаль хамгаалагчаас зөвшөөрөл авдаг. Харин энгийн ой модноос самар түүх бол зөвшөөрлийг тухайн орон нутгийн байгаль хамгаалагчаас авна. Гэхдээ БОАЖ-ын сайдын тушаал гарсны дараа байгаль хамгаалагчид зөвшөөрөл олгох эрхтэй болно. Салбарын сайд нь тушаал гаргаагүй эсвэл хориглосон тохиолдолд зөвшөөрөл олгох боломжгүй.

-Болц гүйцээгүй самрыг түүх нь байгаль орчинд ямар сөрөг талтай вэ?

-Гүйцэд боловсроогүй үр жимсийг түүнэ гэдэг байгаль орчинд ихээхэн халтай. Тухайлбал, иргэд самар түүхдээ мөчрийг нь тасалж, мунаар цохидог. Энэ мэтчилэн тухайн модыг гэмтээж улмаар ургах чадваргүй болгодог. Иргэд хууль бусаар самар түүх нь байгальд хортойг ойлгох хэрэгтэй. Зөвхөн өнөөдрийн ашгаа бодож, байгаль орчинд хохирол учруулж болохгүй. Тиймээс байгаль орчноо хайрлан хамгаалах үүргээ биелүүлэхийг иргэдэд уриалж байна.

-Ямар шалтгаанаар энэ жил самрын гарц муу байна вэ?

-Самар хуурай, нартай үед их ургадаг. Гэтэл сүүлийн сард бороо их орж байгаа учраас ургалтын явц удааширч байна. Хуш мод Монгол орны ойн ихэнх хувийг эзэлдэг. 25-40 настайдаа боргоцой өгч эхэлдэг. 300-400 жил насалдаг нэг төрлийн модлог ургамал юм. Самар ургадаг хушин ойн нийт талбай 683.9 мянган га, нөөц 120.8 сая шоо метр байдаг. Энэ нь манай улсын байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг эзэлдэг гэсэн үг. Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетийн амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой. Мөн ойд амьдардаг олон зүйл амьтан, шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг, орчны агаарыг цэвэршүүлдгээрээ онцлогтой.

-Гүйцэд боловсроогүй самар хүний биед сөрөг нөлөөтэй юү. Самар шар өвчин үүсгэдэг гэдэг?

-Түүхий самар давирхай ихтэй байдаг. Бид самрыг гараараа цөмж иддэг. Тэгэхээр давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Учир нь, давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо наалдана. Тиймээс шар болон гэдэсний халдварт өвчин үүсэх аюултай. Иймд гүйцэд боловсроогүй самар авч идэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • гомо (64.119.18.40)

    2018-08-18

    наадах чинь яаах вэ цаана чинь гомо мөнхөө халхын шоронгийн нэр баастсан муу гаж донтон