Ази тивд 137 сая хүн үерт авдах эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна

 

Өнгөрсөн жил “Мора” гэх хар салхи Мьянмар болон Бангладешийг дайрсны улмаас 500 мянга орчим хүн нурангид дарагдан сураггүй болсон юм. Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа БНХАУ-ын зүүн өмнөд нутгаар ширүүн бороо орсноос үүдэн хөрсний нуранги болж 12 сая гаруй хүн орон гэрээ орхиж яаралтай нүүхээс өөр аргагүйд хүрсэн. Хятадын зүүн өмнөд Жанши мужид үерийн улмаас 430 сая ам.долларын хохирол учирсан бол Хунань мужид 53 мянган орон сууц сүйджээ.

Мөн Японд нэг бол хэт халж эсвэл их хэмжээний усархаг бороо орж буйгаас үүдэн олон мянган хүн эрсдэлд орсон. Акита мужид урьд өмнө нь болж байгаагүй их үер болж, Акитагийн 17 дүүргийн 485 байшин үерийн усанд автлаа. Үүнээс гадна өнгөрсөн оны долоодугаар сарын эхээр Фукуока болон Оита мужид болсон үерээр 32 хүн нас барж есөн хүн ор сураггүй болсон юм. Зөвхөн эхний өдөр орсон борооны хэмжээ сарын дундаж хэмжээг давж гол үерлэн замдаа таарах бүхнийг хуу хамжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн цаг агаарын тааламжгүй байдал энэ жил ч гэсэн давтагдаж, Азийн хөгжиж буй орнуудын эдийн засагт ихээхэн сорилт болж байна. Зөвхөн Энэтхэгт л гэхэд өнгөрсөн баасан гаригт үерийн улмаас ганц шөнийн дотор 324 хүн амь насаа алдаад байна. Австралийн “CSIRO” судалгааны байгууллагын таамаглаж буйгаар ирэх 30 жилийн хугацаанд ширүүн, усархаг борооноос үүдэх хүндрэл Ази тивд 20 орчим хувиар өсөх ажээ. Зүүн өмнөд Ази нь дэлхийн хамгийн чийглэг бүст зүй ёсоор багтдаг бөгөөд жилд дунджаар 1000 мм хур тунадас ордог. Одоогийн байдлаар тус бүс нутгийн 137 сая орчим хүн байгалийн гамшигт өртөх өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа бөгөөд энэ тоо нь дэлхийн бусад тивтэй харьцуулахад харьцангуй их байгаа юм. 1950 оноос хойш болж буй үер, далайн шуурга, хар салхинаас хамгийн их хохирол амсаж буй орнуудын жагсаалтыг Энэтхэг, Бангладеш, Хятад тэргүүтэй Азийн орнууд тэргүүлж байна. Бельгийн их сургуулийн статистикчдын гаргасан судалгаагаар 1950 оноос хойш 2.2 сая орчим хүн үерийн улмаас амиа алдсан бол үүний хоёр зуу мянга орчим нь 1959 онд БНХАУ-д болсон үерийн үеэр амиа насаа алдсан байна. Тэгвэл зөвхөн энэ сард гэхэд тус улсад 90 гаруй хүн үерээс үүдсэн нурангид даруулж амиа алджээ. Уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг “IPCC” байгууллагын гаргасан тайлан мэдээнд дурдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий дахин эдийн засгийн маш их хохирол амсч байгаа бөгөөд нийт хохирлын дөрөвний нэг нь дангаараа Азид хамаарч байгаа аж. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Энэтхэг, БНХАУ, Бангладешт 1000 гаруй хүн үерийн улмаас амиа алдсан бөгөөд учирсан хохирол нь хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Борооны улирал үргэлжилж, үер хөрсний нуранги үүсч буйтай холбоотойгоор Ази тивийн орнуудыг чиглэх жуулчдын тоо ч эрс буурсан байна. Тайландын Цаг уурын хүрээлэнгээс л гэхэд цаг агаарын урьдчилсан мэдээг үзэж, хүчтэй шуурга, аадар бороо болон өөр бусад байгалийн гамшигт үзэгдлээс болгоомжлохыг жуулчдад зөвлөж байгаа аж. Түүнчлэн аялал жуулчлалын компаниуд хариуцлагатай байж, жуулчдын эрүүл мэнд болон аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл учирч болзошгүй эсэхийг сайтар тооцоолохыг Засгийн газрынх нь зүгээс анхааруулах болжээ.

ҮЕРИЙН ШАЛТГААН

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн дулаарал явагдаж, далай тэнгис, гол мөрний усны түвшин эрс нэмэгдэх болсон. Дэлхийд хэмжээ болон уртаараа дээгүүрт ордог Ганга, Брахмапутры, Янц зэрэг голын эрэг орчмоор энэтхэгчүүдийн 50 орчим, бангладешчуудын 50 гаруй, хятадуудын 25 орчим хувь нь амьдардаг. Янц голын эрэг орчмын үржил шимт бүс нутгаас БНХАУ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг бүрдүүлдэг. Азийн олон хот мега болон хүрээгээ тэлж, далайн боомт, эрэгтэй улам бүр ойртох болжээ. Энэ нь үерт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Өнгөрсөн жил л гэхэд Янц гол эргээсээ 3.2 метр орчим хальжээ. Түүнчлэн дэлхийн олон хот томоохон хэмжээний хотжилт үүснэ гэж анхнаасаа төлөвлөөгүй байдгаас үүдэн ус зайлуулах хоолой бариагүй, байгуулах зай талбай байхгүй зэрэг нь үерээс үүдэх хохирлыг нэмэгдүүлдэг байна. Жишээлбэл, 1976 онд Мао Зедуныг нас барах үед хятадуудын ердөө 17 хувь нь хотуудад амьдарч байсан бол өнгөрсөн оны байдлаар БНХАУ-ын нийт ард иргэдийн 56 хувь нь хотод амьдардаг гэсэн судалгаа байна. Энэтхэгт мөн адил хүн амынх нь 33 хувь нь томоохон хэдхэн хотдоо амьдардаг. Уур амьсгал цаг агаарт бидэнд хэрхэн нөлөөлж буйг элдэв баримт нотолгоо, шинжлэх ухааны үндэслэл шаардахгүйгээр маш олон зүйлээс харж болохоор болжээ. Таван жилийн дараа гэхэд Азийн томоохон хотууд болон Мумбай, Шанхай, Ханой, Бээжин, Пномпен үерт автахгүй гэх баталгаа алга. Хэт халалт, далайн түвшин нэмэгдэх, усархаг бороо олон хоногоор үргэлжлэх, ган гачиг болох зэрэг нь байгаль дэлхий тэнцвэрт байдлаа алдсаны баталгаа гэж хэлж болохоор байна.

ЭНЭ ЗУУНЫ ЭЦЭС ГЭХЭД ДЭЛХИЙН АГААР МАНДАЛ ХОЁР ХЭМЭЭР ДУЛААРНА

Энэ зууны эцэс гэхэд дэлхий цельсийн хоёр хэмээрс Фаренгейтийн 3.6 хэмээр дулаарах бөгөөд хүн амын дөрөвний гурав нь ирэх зуунд хэт халуун бүс нутагт амьдрах болно гэж “Nature Climate Change” сэтгүүлийн энэ сарын дугаарт онцолжээ. Уг нийтлэлд уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2017 онд хэвлүүлсэн эрдэмтдийн бүтээлээс эш татсан байна. Тухайлбал, Хавайн их сургуулийн профессор Камило Морагийн “Хүн амьдрах боломжтой газар зуун жилийн дараа гэхэд эрс цөөрөх болно. Дэлхийн дулаарлын давалгаа бидэнд аюултай эсвэл хэт аюултай гэсэн хоёрхон сонголтыг үлдээлээ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль цаг уурын таагүй нөхцөлийн улмаас хүмүүс амиа алдаж байна. Энэ тоо ирээдүйд улам нэмэгдэх болно” гэжээ. Тэрбээр цаг уурын өөрчлөлт 2100 онд хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлөх талаар дорвитой судалгаа хийсэн эрдэмтдийн нэг юм. Түүний судалгааны баг 1980 оноос хойшх тивүүдийн дулаарлыг нас барсан хүмүүсийн тоотой харьцуулжээ. Улмаар зун хэт халалтын улмаас амиа алдагсдын тоо таван хувиар нэмэгдсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн XXII зуунд хүн төрөлхтний 74 хувь нь хэт хуурайшилттай бүсэд амьдарна гэдгийг судлаачдын олонх нь онцолж байна. Нью-Йорк, Москва, Парис зэрэг томоохон хотод хэт халууны үе 50-аас дээш хоногоор үргэлжилж, Энэтхэг, Бразил, Зүүн өмнөд Азийн нутаг дэвсгэрт энэ зууны эцэс гэхэд хүн амьдрах боломжгүй болох аж. Дэлхийн дулаарлын үр дагавар болох цаг агаарын онцгой үзэгдэлд өвөл дулаарах, зун хүйтрэх үйл явц багтдаг аж. Энэ үйл явцын дагуу Оросын нутаг гуравдугаар сард дулаан, тавдугаар сард хүйтэн уур амьсгалтай болох гэнэ.

Ц.ДАВАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)