“Huawei” шилдэг компаниар шалгарчээ

Хятадын Үйлдвэр худалдааны холбооноос тус улсын энэ оны эхний хагас жилийн хувийн хэвшлийн шилдэг 500 аж ахуйн нэгжийг шалгаруулжээ. Жагсаалтыг “Huawei”, “Suning”, “Amer International Group” “Zhengwei” зэрэг компани тэргүүлсэн байна. "Huawei” компани 2017 онд мөн жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн байдлаар, тус компанийн ашиг орлого 15.7 хувиар нэмэгдэж, 603.7 тэрбум юаньд хүрчээ. Жижиглэн худалдааны “Suning Group” 557.9 тэрбум юань, зэсийн үйлдвэрлэл эрхлэгч “Amer International Group” 491.8 тэрбум юанийн ашиг олсон үзүүлэлтээр удаах байрт шалгарсан байна. Мөн цахим худалдааны JD.com, хөнгөн үйлдвэрлэлийн “Weiqiao Pioneering” компаниуд эхний 10 байрт багтсан аж.

“Хятадын хувийн бизнес тогтвортой хөгжих хэмнэлд орсон нь энэ үзүүлэлтээс харагдаж байна” хэмээн тус ассоциацийн орлогч дарга Хуан Жун “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Энэ жилийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн жагсаалтаас үзвэл, 2017 оны үйл ажиллагааны орлого 300 гаруй тэрбум юаньд хүрсэн ес, нийт хөрөнгө нь 100 тэрбум юаниас давсан 61 компани байгаа нь 2016 оныхоос 11 компаниар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эх сурвалжийн мэдээлснээр, санхүүгийн судалгаа болон Хятадын Үйлдвэр худалдааны холбоо хянасны эцэст орлогынх нь дарааллаар жагсаалт гаргасан байна. Хятадын Үйлдвэр худалдааны холбоо 2010 оноос хойш жил бүр шилдэг 500 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг болжээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)