Д.Трамп: Дэлхийн худалдааны байгууллагаас гарна
- 2018-09-03
- Дэлхий
- 0
АНУ-д таагүй хандвал Дэлхийн худалдааны байгууллагаас гарна гэдгээ тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр Вашингтонд ажлынхаа өрөөнд “Bloomberg” агентлагт тусгай ярилцлага өгчээ. Ярилцлагынхаа үеэр “Олон улсын худалдааны системийн гол тулгуур болох Дэлхийн худалдааны байгууллагын бүтцийг өөрчлөх шаардлагатай" гэж Цагаан ордны тэргүүн шүүмжилсэн байна. Мөн "АНУ Дэлхийн худалдааны байгууллагаас гарснаар Вашингтон Бээжингийн худалдааны маргаанаас ч илүү дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө"хэмээжээ. Үндэсний протекционизмыг дэмжигч Д.Трамп Дэлхийн худалдааны байгууллагыг шүүмжлэн гарахаа мэдэгдэж байгаа нь АНУ-ын идэвхтэй оролцоо нөлөөтэйгээр байгуулсан дэлхийн орчин үеийн худалдааны байгууллагын үндэс суурь, системийг бүхэлд нь нурааж болзошгүй нөхцөл үүсгэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд “Bloomberg” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-БНХАУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах таны шийдвэр Вашингтон, Бээжингийн худалдааны маргааныг дэвэргэж байна. Энэ маргааныг үр дүнтэй шийдэх боломж бий юү?
-Хятадын тал олон арван жилийн турш АНУ-ын удирдагчдын сул талыг ашиглаж давуу эрх эдэлсэн. Бүгд найрамдах нам энэ байдлыг халахын тулд Ардчилсан намтай тэмцэж байсан. Гэхдээ би Ерөнхийлөгч асан Барак Обамаг шууд буруутгахгүй. Буруутныг хайвал олон улстөрч нэр холбогдоно. Хятад улсыг америк доллараар дахин бүтээсэн. Энэ байдлыг өөрчлөх цаг болжээ. БНХАУ-аас импортолдог 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэр энэ сарын 6-наас хэрэгжинэ. Хятад улс энэ шийдвэрт хариу барьж чадахгүй. Учир нь, БНХАУ өнгөрсөн онд АНУ- аас 130 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон. Би БНХАУ-ын 500 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байсан. Энэ бол АНУ-ын БНХАУ-аас 2017 онд импортолсон нийт бараа бүтээгдэхүүний үнэ юм. Манай улс Хятадаас илүү хүчирхэг орон. Тиймээс энэ маргаанд ялна гэдэгтээ итгэлтэй байна.
-Та В.Путинтэй хийсэн хэлэлцээр, НАТО-гийн хурлын дараа багагүй шүүмжлэлд өртсөн шүү дээ?
-Би Ерөнхийлөгч В.Путинтэй сайн харилцаатай байхыг хүсч байна. Сири, Украин, Израильд өрнөсөн үйл улс төрийн явдлаар далимдуулан биднийг дайтуулах ашиг сонирхолтой хүмүүс бий. Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт бол миний хамгийн үр дүнтэй хэлэлцээрийн нэг болсон. Хэвлэлийнхэн энэ уулзалтыг “итгэмээргүй хуурамч” гэж тодорхойлсныг ойлгоогүй. АНУ НАТО-д хэдэн зуун сая ам.доллар төсөвлөдгийг бид мэднэ. Тэд намайг “Бусад Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын адил хэтэрхий бүдүүлэг” гэж хэлсэн. НАТО-гийн гишүүн зарим орон татвараа төлөхгүй байгааг ил тод хэлэх нь буруу биш шүү дээ. Зүгээр л сайн зүйлд садаа мунддаггүй гэдэг.
-Мексиктэй байгуулсан хэлэлцээрийнхээ талаар тодруулна уу. Энэ нь манай ажлын байр, хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлөх вэ. Мексикийн хэлэлцээрийн нэг хэсэг нь Хятадын эсрэг чиглэсэн үү?
-Мексиктэй хийсэн гэрээ хэлцэлд дургүй бүлэг хүн байна. Учир нь, тэд АНУ дахь компаниа хааж, өөр улс орныг зорих бодолтой байгаа. Тэднийг глобалист гэж нэрлэдэг. Би глобалист биш. Тиймээс Мексиктэй байгуулсан хэлэлцээрт чухал ач холбогдол өгч байгаа. Хэлэлцээрийн нэг хэсэг нь Хятадад чиглэсэн нь үнэн. Хятад улс манай эдийн засагт арын хаалгаар орж ирсэн. Энэ утгаараа АНУ дахь давуу талаа олон жил ашиглалаа. Мексикийн гэрээ бол үүнийг зохицуулах гайхалтай шийдэл юм. НАФТА бол АНУ-ын түүхэн дэх хамгийн муу хэлэлцээр болсон.
-Таны шийдвэр Хятад улс эдийн засгаар дэлхийд тэргүүлэхэд саад болж байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Үгүй. Дэлхийн худалдааны байгууллагыг олон улсын худалдааны дүрэм журмыг тогтоож, улс орнуудын дунд үүсч болзошгүй худалдааны асуудлаарх үл ойлголцлыг шийдэх зорилгоор байгуулсан юм. Гэвч Дэлхийн худалдааны байгууллага нь АНУ-ын эсрэг хэт нэг талыг барьсан байр суурь баримталж, хяхаж хавчсан бодлого явуулж байна. Тэд хэлбэрдэж байгаа учраас манай улс Дэлхийн худалдааны байгууллагаас гарна. Энэ байгууллагыг байгуулах тухай гэрээг 1994 онд хийсэн нь дэлхийн улс орнуудын хамгийн муу гэрээ болсон. БНХАУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад 2001 онд элсүүлсэн нь алдаа байсан төдийгүй Хятадад зориудаар валютын манипуляци хийж байна. Дэлхийн худалдааны байгууллага АНУ-ын эсрэг олон жилийн турш таагүй бодлого баримталж байсныг дурдах хэрэгтэй. Хэрвээ цаашид энэхүү хандлагаа өөрчилж, үндсэн зорилго чиглэлээ эргэн харахгүй бол олон улсын худалдааны байгууллагын гишүүнчлэлээс татгалзах болно. Учир нь, АНУ-ын худалдааны бодлого болон дэлхийн худалдааны чөлөөт систем хоёр зөрчилдөж байна.Бид өнгөрсөн жилээс бусад тохиолдолд олон улсын шүүхэд ялагдаж үзээгүй. Харин шүүхэд цөөнх болсноо мэдрэхэд гунигтай байсан.
-Энэ байдлыг зогсоохын тулд тулд та бодлогоо өөрчлөх хэрэгтэй юү?
-Дэлхийн худалдааны байгууллага манай улсын бараа бүтээгдэхүүнийг Европын орнуудад нийлүүлэх хүсэлгүй байгаа. Би Европын зөвлөлийн дарга Жан-Клод Юнкертэй уулзсан. Бид Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх тал дээр хамтарч ажиллахаар тохиролцсон ч хэрэгжээгүй. Вашингтон, Брюсселийн талууд шударга бус худалдааны зарчимтай тэмцэж, Дэлхийн худалдааны байгууллага улс орон бүрт адил тэгш байдлаар хандаж ажил үүргээ зөв зүйтэй явуулахад нь өөрчлөлт хийж, шинэчлэл явуулахыг шаардах эрхтэй. Жишээлбэл, Хятад улс оюуны бүтээл, техник технологийн хулгай хийж, зах зээлд их хэмжээний хуурамч, дууриамал бүтээгдэхүүн нийлүүлдэг ч Дэлхийн худалдааны байгууллага анхаарал хандуулдаггүй. Европын холбоог АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангахыг тэд хүсэхгүй байна. Тэд өөрсдийн стандартыг тогтоосон. Тиймээс бид тэдний арга замыг өөрчлөх хэрэгтэй.
-Та Хятад улстай валютын зохицуулалт хийх талаар дурдаж байсан. Одоо Хятадыг валютын зохицуулагч гэж нэрлэхэд бэлэн үү?
-Бид бүх талын судалгаа хийж байна. Дэлхийн зах зээл дээр еврогийн эсрэг ам.доллар л өрсөлдөж байгаа. Намайг бизнесмэн байхад ам.долларын ханш хүчтэй байлаа. Тэр үед би олон зүйлийг худалдаж авсан. Харин одоо Ерөнхийлөгчийн хувиар ам.долларын ханшийг барихыг хичээж байна.
-Та Засаг захиргаандаа сэтгэл хангалуун байдаг уу?
-Би хүчирхэг Засгийн газар байгуулсан гэж боддог. Тиймээс Засаг захиргаандаа ажиллаж байгаа хүмүүсийг ажлаа сайн хийхийг шаарддаг. Майк Помпео од болж байна. Харин Барак Обамагийн Засгийн газарт ажиллаж байсан шүүгчид байр сууриа тавиагүйгээс маргаан үүсэх болсон.
-Танаас “Google” компанийн талаар асуулгүй өнгөрч болохгүй. “Google”, “Amazon”, “Facebook” компанид сануулга өгөх болсон шалтгаанаа тодруулна уу. Та үнэхээр “Google”компанийг задлахыг хүсч байна уу?
-Миний шийдвэр Америкийн капитализмтай холбоогүй гэдгийг хэлье. Шударга ёсны хөдөлгүүр ажиллахгүй байгаа учраас би тэдэнд сануулга өгсөн. Тэд хүмүүст шударга хандах ёстой. Хэрвээ та сайн харвал консерваторууд маш шударга бус ханддаг байсан. Бидэнд цаг бага байгаа учраас дараагийн асуултаа тавь.
-Хэрвээ АНУ террорист халдлагад өртвөл та дэлхийн удирдагчдын хэнтэй түрүүлж холбоо барих вэ?
-Хаанаас халдсанаас бүх зүйл шалтгаална. Зарим хүн намайг боксын тэмцээнд оролцуулахыг хүсдэг. Хувийн сонирхлоос гадна улс орныхоо эрх ашгийг бодож би бүх удирдагчтай найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг. Дашрамд хэлэхэд, миний хүндэлдэг улстөрч Ши Жиньпин Хятад улсын дарга болоход би үнэхээр баярласан.
-Ангела Меркелийн бодлогын талаар юу хэлэх вэ?
-Ангела Меркельтэй маш сайн харилцаатай байдаг ч зарим бодлого, шийдвэр дээр санал нийлдэггүй. ОХУ-ын газрын тос, НАТО-гийн төсөв зэрэг асуудлаар бид санал зөрөлдөөнтэй байна. Гэхдээ тэр надад улстөрчийн хувьд таалагддаг.
-Турк улстай харилцаагаа сэргээх үү?
-Би Эрдоганыг дэмждэг байсан боловч шашны номлогчийн асуудлаас болж бидний харилцаа түр муудсан. Байдал цаашид хэрхэн эргэхийг ажиглаж байна.
-Та Ким Жон Унтай амжилттай хэлэлцээр хийсэн. Гэрээний хэрэгжилт удааширч байна гэж шүүмжлэх хүн ч байна. Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлын үеэр Ким Жон Унтай дахин уулзах боломжтой юу?
-Умард Солонгос улс өнгөрсөн гурван сарын хугацаанд цөмийн болон пуужингийн туршилт хийсэнгүй, манай улс Пхеньянд барьцаалагдсан иргэдээ суллуулсан гэдэг бол эерэг үр дүн. Тиймээс би гэрээ удааширсан, зогсонги байдалд орсон гэж бодохгүй байна. Ер нь би дэлхийн хамгийн тэвчээртэй хүн гэж өөрийгөө боддог. Солонгосын хойгийн асуудлаар яаран хөдлөх хэрэггүй, бидэнд хугацаа шаардлагатай. Хэрвээ та бүхэн Б.Обамагийн засаглалын сүүл үеийг нэхэн санавал, АНУ, БНАСАУ- тай дайтах хэмжээнд байсан шүү дээ. Ким Жон Унтай тогтоосон найрсаг харилцаагаа эвдэхийг хүсэхгүй байна. Ким Жон Ун энэ сард болох хуралд ирэх эсэхийг мэдэхгүй. Би түүнтэй дахин уулзахад бэлэн.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)