Зуны сарууд шиг намар цаг дор...

 

Зуны сарууд шиг намар цаг дор...

(сурвалжлага)

Таанын үнэр хамар цоргиж, талын салхи хацар илбэсэн сайхан цагаар УИХ-ын гишүүн М.Билэгт тойргийнхоо иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж тойрогтоо ажиллав. Өнөө жил говь тал хээрийн Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Бөмбөгөр сумдад зун зуншлага оройхон болсон ч ган тайлагдаж, газар дэлхий сэргэж, намрын эхэн сартай золгож буй хэдий ч зуны сар шиг нил ногоон униарт мал сүрэг идэшлэж, малчин түмний сэтгэл тэнэгэр байнам... 

Гэлээ ч энэхүү мөчид тайвшрах эрх тэдэнд алгаа. Удахгүй уулсын орой бууралтаж, усны зах мөстөж, өвөл үүд тогших цаг ирнэ... Эл байдлыг ч малчид, хөдөлмөрчид хатуу ойлгосон хэрнээ гавьтай зүйл хийж хэрэгжүүлээгүй цалгар наазгай байна уу даа гэсэн бодол тээж явлаа. Баян-Өндөр, Баянцагаан сумдад засаг даргын орлогч бас бус цөөвтөр хүн сумын ЗДТГ-т үзэгдэнэ. Баацагаан суманд засаг дарга нь ажлаа өгчихсөн, ЗДТГ нь эзэнгүй байлаа. Харин Бууцагаан сумын ЗДТГ, засаг дарга, тамгын газрын дарга, бусад ажилтнууд нь ажиллаж байв. Нэг хэсэг нь амарчээ. Хүрээмарал суманд бас л орлогч дарга нь цөөн хэдэн хүмүүстэй ажиллаж бусад нь амарчээ. Харин УИХ-ын гишүүний уулзалтад хөдөө амарч байсан ИТХ-ын дарга ирж оролцсон нь олзуурхал төрүүлнэ билээ. Баянбулаг суманд засаг дарга, ЗДТГ-ын дарга тэргүүтэй хүмүүс байв. Нэг хэсэг нь амарсан гэж байна. Бөмбөгөр суманд 18 цагийн үес яг л товлосон хугацаандаа аяны дөрөө мулталлаа. Гэрэл цахилгаан тасарсан нэрийн дор нам гүмхэн, ил хульхан, хөл хөдөлгөөн татарсан байдалтай угтлаа. ЗДТГ-ын дарга нь байгаа гэсэн ч утас нь хаалттай, нэг л дүнсгэрдүүхэн байсан учир энэ сумын уулзалт хойшилсон юм. Бидний очсон сум бүрт нэг иймэрхүү л байдалтай байна. Харин авууштай нь ган тайлагдсан учир хаана л бол хаана Байгаль дэлхий тунарсан ногоон өнгөөрөө гайхуулан, голын ус саваа халин мэлтэлзэж байх нь сэтгэлд өег, нүднээ чимэгтэй байсан юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний уулзалтад иргэд сонгогчид сум суманд маш сайн ирцтэйгээр оролцсон нь талархууштай. Хамгийн цөөн иргэдтэй сумын хурал гэхэд 350 түүнээс дээш ирцтэй байсанд УИХ-ын гишүүн ч сэтгэл дүүрэн байна билээ. УИХ-ын гишүүн М.Билэгт энэ удаагийнхаа томилолтыг уламжлал ёсоороо хөдөлмөрийн баатруудын өлгий нутаг Баян-Өндөр сумаас эхэлсэн юм. Энэ сумын уулзалт сумын төв, Улаан үзүүрийн багт зохион байгуулагдав. Иргэдийн оролцоо тун сайн байв. Билэгт гишүүн хаврын чуулганд 20 удаа санал бодлоо илэрхийлж, улсын их хурлаар хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан 61 удаа асуулт асууж хариулт авч үг хэлж, санал хэлснээрээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дараа хоёрдугаарт бичигдсэнээ уулзалтын эхэнд тодосголоо. Тэрээр хаврын чуулганаар хэлэлцсэн хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, монгол улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 10 шахам хуулийн хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцсон гэдгээ иргэд хөдөлмөрчдөд тайлагнав. Тэрээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй есөн санал хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Ялангуяа үл хөдлөх эд хөрөнгө, түүний дотор газрын бүртгэлийн асуудлыг үнэн зөвөөр оновчтой шийдвэрлүүлэхийн тулд УИХ-ын чуулганы хуралдаанд олон удаа үг хэлж, жирийн иргэдийн ажил амьдралд сөргөөр нөлөөлөхөөр зарчмын зөрүүтэй заалтуудыг амжилттай шийдвэрлүүлснээ уулзалт дээр хэлж байв. 

Энэ мэтээр хаврын чуулганд маш идэвхтэй ажилласны үрээр жирийн иргэд болоод малчин ард, хөдөөгийн иргэд тухайлбал багш, эмч нарын эрх ашгийг зөрчсөн олон заалт дээрх хуулиудын төсөлд тусгагдсаныг өөрчлүүлж ард иргэдэд ашигтайгаар батлуулж чадсанаа эрхэм гишүүн тус уулзалт дээр онцолж байв. Мөн УИХ-ын гишүүн Баян-Өндөр сумын сургуулийн дээврийн их засварт төсвийн хөрөнгө оруулалтын 87,5 сая төгрөг, Баянцагаан сумын 15 ортой эрүүл мэндийн төвийг нэг тэр бум 183,0 сая төгрөг, Баянхонгор сумын зургадугаар цэцэрлэгийн өргөтгөл тэр бум 154,0 сая төгрөг, Хүрээмарал сумын сургуулийн дотуур байрны дээврийн их засвар, Баянхонгор сумын 2, 7, 9 дүгээр багт 280 хүүхдийн цэцэрлэг хоёр тэр бум 50 сая төгрөг, хоёр, долоодугаар багийн үерийн хамгаалалтын хоёр тэр бум 649,0 сая төгрөгийн зэрэг олон газар байгууллага, сумдын хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэснээр зарим бүтээн байгуулалтууд бодитоор хийгдэж ашиглалтад ороод байгаа аж. Харин Баян-Өндөр суманд спорт  заал ашиглалтад орсон хэдий ч чанар муутай баригдаж хэл ам дагуулсныг УИХ-ын гишүүн өөрийн биеэр танилцаж гүйцэтгэгч компанид үүрэг өгснөөр уг дутагдал зөрчлийг арилгах, тус барилгыг чанаржуулах ажилд нь оруулав. Энэ бол эрхэм гишүүний тойрогтоо өөрийн биеэр ажилласны  үр дүн юм. 

УИХ-ын гишүүн М.Билэгт энэ мэтээр өөрийн тойрогтоо улсын төсвийн томоохон хөрөнгө оруулалтыг татаж бодит ажил болгож амласнаа ажил болгож байгааг тойргийн иргэд нь сайшааж байсныг энэ даширамд тодосгон тэмдэглэе. Энд нэг зүйлийг уншигч түмэндээ болон эрхэм гишүүнд, итгэл хүлээлгэж УИХ-д сонгосон иргэдийн сонорт толилуулая. Миний мэдэхийн 2000 оны сонгуулиас эхэлсэн УИХ болон аймгийн ИТХ-д нэр дэвшсэн хүн бүр Эрдэнэмандал хайрханы арын “Галуутын хавцал” хэмээх гуу жалгыг амлан авч ажил болгох гээд өнөөдрийг хүртэл бахь байдгаараа явж ирсэн нь нууц биш. Тэгвэл энэ гуу жалгыг засч сайжруулах ажлыг бодит ажил болгоход зарцуулах хоёр тэр бум 901,6 сая төгрөгийг биечлэн хөөцөлдөж байж шийдвэрлүүлэн ажлыг нь эхлүүлсэн байна. Сошилоор зарим нэг хүмүүст элдвээр хэлүүлээд байгаа уг ажил М.Билэгт гишүүний үед ажил хэрэг болж байгаа нь бахархууштай. М.Билэгт бол ард түмэнд амласнаа ажил болгож чаддаг, ажил болгохын төлөө шантралгүй зүтгэдэг, өөрт нь итгэл хүлээлгэж сонгосон ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө сэтгэл гарган ажиллаж чаддаг гишүүдийн нэг гэдгийг түүний хийж хэрэгжүүлж буй ажлууд олон түмэнд тодоос тод гэрчлээд байна. Энэ хүний сайн, муугаар хэлүүлээд, бичүүлээд байгаа хавдрын эмнэлгийн томоохон төсөл бол монголын ард түмнийг үхлийн аюул, аюулт өвчнөөс аврах буянтай үйлс болохыг энэ эмнэлэг ашиглалтад ороод ирэхийн цагт монголын ард түмэн бүүр сайн ойлгох бизээ. Энэ талаар хөдөөгийн олон иргэд гишүүнээс асуулт асууж бодитой хариултыг өөрөөс нь авч түүнд баяр хүргэж, амжилт хүсч байна билээ. Энэ эрхэмийн хийж хэрэгжүүлж яваа олон ажлуудаас хүн ардын эрүүл мэндийн төлөө анхаарсан ажлууд нь монголын нийгэмд үгүйлэгдээд байгаа чухал ажлууд гэдэгтэй олон хүн санал нэг байгааг тойрогт ажилласан үеэр уулзсан олон зуун иргэдийн санал бодол, хэлж ярьж буй үг үйлдлүүд бэлхнээ нотлоод байв. Үнэхээр хэнбэ гуайн ч сэтгэл дэвтэж баярлахаас өөрцгүй юмдаа. Ард зонынхоо алтан амийг аюулт өвчнөөс аврахын төлөө зүрх сэтгэл нь цохилж яваа жирийн малчны охин энэ эмэгтэйг элдвээр муулаад ч яалтай билээ. Энэ хүний хийж яваа ажил үйлс нь сүүн цагаан замналтай, хүйн сэтгэлийн холбоотой учраас нэгэн цагт нийт олноороо сайнаар дуудуулах бизээ. М.Билэгт гишүүний тойрогт хийсэн нэг томоохон ажил нь бас л хөдөөгийн иргэдийн эрүүл мэнд рүү чиглэсэн ихээхэн зардал мөнгө шаардсан ажил байв. Энэ нь хөдөөгийн төдийгүй аймгийн төвд амьдран суугаа иргэдийн сэтгэлд хүрсэн ажил болсныг уулзалтын үеэр олон иргэд онцлон хэлж байлаа. Тойргийнхоо  бүх сум, багуудад Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн нэр цуутай эмч нарын багийг ажиллуулсан нь хамгийн үр дүнтэй ажил болсныг тойргийнх нь иргэд хэлж байна. Тэр ч атугай оношийг нь буруу тогтоож арав гаруй жил буруу эмчилгээ, эм тариагаар нүдүүлж тусыг эс олсон ард зоны нулимстай үг сэтгэл сэмэрүүлж байсныг ч нуугаад яах вэ? М.Билэгт гишүүн энэ удаа тойрогтоо ажиллах үеэрээ сошилоор чичлүүлсэн ч, нөгөө талдаа олон азтан болсон хүмүүсийн инээд цалгисан, баяр баясгалантай сэтгэлийн үгээр сонороо мялаалгасан юм. Тэрээр сум, багуудад орос бакал, хивс, сурагч цүнх, саалийн хувин зэрэг хүний хэрэгцээт зүйлсийг суглуулж тухайн хүмүүсийн азыг сорьсон нь иргэдэд таалагдсан ажил байсныг азтан болсон хүмүүс хэлж байв. Тойргийн сум, багуудад хивсний 100 шахам азтан, бакалын 100 шахам, саалийн хувин 400 гаруй, 800 гаруй сурагч цүнхний азтануудыг тодруулсан юм. Харин сошилоор явсан шиг түүний зурагтай данх энэ сугалаанд ороогүйг уншигч танд уламжилая. УИХ-ын гишүүн М.Билэгт ийнхүү налгар намрын тос даасан шаргал өдрүүдээр тойрогтоо ажиллаж ард зоныхоо магнайд азын сугалаатай хөлс дааварлуулан энэ удаагийнхаа томилолтыг өндөрлүүлэв. Зуны сарууд шиг намрын урт өдрүүд үргэлжилсээр...

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)