Бразилийн музейн 20 сая гаруй үзмэр шатжээ
- 2018-09-04
- Дэлхий
- 0
Бразилийн Рио Де Жанейро хот дахь Үндэсний түүхийн музейн барилгад гал гарч барилга бүхэлдээ шатсан талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Хүний амь нас эрсдээгүй ч музейн сан хөмрөг дэх дурсгалууд, эрдэмтэн судлаачдын 200 гаруй жилийн судалгаа, архивын үнэ цэнэтэй материалууд устаж үгүй болжээ. Энэ талаар Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темер “Манай улсын өнө эртний түүхийн барилга шатсанд улс даяараа уйтгарлан харуусч байна” гэж твиттер хуудаснаа бичжээ. 20 сая гаруй үзмэрийг хадгалж байсан музейн сан хөмрөг ийнхүү устсанд тус улсад суугаа гадаад орны Элчин сайд нар харамсал илэрхийлсэн байна. Үндэсний музейг 1818 онд Португалийн хаан VI Хуаны үед байгуулсан ба Хойд болон Өмнөд Америкийн томоохон музей, түүхэн дурсгалт сан хөмрөгийн гол төв байжээ. Энд эртний муми, чулуужсан араг яс, хүн амьтдын үүсэл хөгжлийг харуулсан үзмэрүүд, эртний индиан омгийнхны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл зэрэг дахин нөхөн сэргээх боломжгүй үнэт үзмэрүүдийг хадгалж байсан юм. Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)