С.Шойгу: Монгол, Хятад, Оросын цэргийн түншлэл аливаа улс, эвслийн эсрэг чиглээгүй

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.ШОЙГУ цаг үеийн болон “Восток-2018” цэргийн сургуулилтын талаар Италийн “Il Giornale” сонинд ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэж байна.

АНУ-ын харилцаа хурцдаж дэлхийн улс төр хүйтэн дайны ирмэгт ирээд байгааг хэрхэн тайлбарлах вэ?

-АНУ-ын эрх баригчдын үйл ажиллагаанаас улбаалан “Түрэмгий Орос” гэх хэллэгийг олон улсын тавцанд гарган ирж, хоёр улсын харилцааг хямралд оруулж байна. Вашингтон дэлхийн аюулгүй байдлын гол тулгуурыг дангаараа бүрдүүлэхийг хичээж, зарим гэрээ хэлэлцээрийг зөрчих боллоо. НАТО-гийн хил хязгаарыг зүүн зүгт тэлэх бодлогыг АНУ санаачилсан нь хоёр Герман нэгдсэний дараа ЗХУ- ын удирдлагуудад өгсөн амлалтаас ялгаатай. Тэд биднийг 25 жил хуурсан. Ямар ч амлалт байгаагүйг бид ухаарлаа. Вашингтоны тал Иран болон Умард Солонгосын пуужингийн халдлага гэсэн хуурамч заналхийллээр шалтаглан пуужингийн эсрэг гэрээнээс 2002 онд гарсан. Түүнчлэн манай улсын хилийн ойролцоо пуужин амдан сөнөөх системээ байрлуулсан нь өдөөн хатгалга юм. ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн АНУ-ын эрх баригчдад газрын зураг өгөхийг саяхан болсон Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн. Оросын хилийн ойролцоох АНУ- ын цэргийн баазууд манай улсыг овоо хараандаа байлгаж байгаагаа Вашингтон тайлбарлах хэрэгтэй. Энэ мэт шалтгаанаар хоёр улсын харилцаа хурцдаж байна.

-Бусад шалтгааныг дэлгэрүүлбэл?

-Вашингтон хэд хэдэн тодорхой бус, үндэслэлгүй шалтгаанаар манай улсыг буруушааж, баримтгүй мэдэгдэл хийсээр ирсэн. АНУ-ын тал дундын болон ойрын зайн тусгалт пуужингийн гэрээний заалтыг тогтмол зөрчиж байна. Тухайлбал, нийт платформ нь далавчит пуужин зэрэг төрөл бүрийн тээвэрлэгчдийг хөөргөх “МК-41” пуужингийн системээ Европт суурилуулсан. Польш, Румын улсаас хөөргөх пуужингууд нь Оросын нутаг дэвсгэрт тусах аюултай. Мюнхенд 2007 онд болсон дэлхийн аюулгүй байдлын хурлын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Засгийн газар болон барууны бусад оронд ОХУ-ын үндэсний ашиг сонирхлыг хүндэтгэх, нээлттэй, тэгш харилцааг бий болгохыг уриалсан. Харамсалтай нь барууны цөөн хэдэн удирдагч бидний уриалгыг үл хүндэтгэж байна.

-Ерөнхийлөгч В.Путиний санаачилгыг үл хүндэтгэж буйг та хэрхэн тайлбарлах вэ?

-АНУ-ын цэрэг, стратегийн төлөвлөгөөнд Оросыг холбоотон бус дайсан мэтээр үздэг. АНУ Европ руу цэрэг нэмж илгээхийн тулд хоёр командыг НАТО-гийн зөвлөлийн өнгөрсөн зургаадугаар сарын шийдвэрээр байгуулсан. Мөн Балтийн орнууд, Румын, Болгар, Польш улс дахь НАТО-гийн цэргийн тоо 60 мянгад хүрч, зэвсэг техникээ нэмэгдүүлж байна. Хэрвээ энэ байдал даамжирвал 2020 он гэхэд Оросын хил дагуу НАТО-гийн 30 батальон цэрэг үүрэг гүйцэтгэх болно. Ялангуяа Оросын баруун хилийн асуудал тайван бус байна. АНУ-ын холбоотон орнууд болох Их Британи, Францын дэмжлэгтэйгээр Сирид өнгөрсөн дөрөвдүгээр сард агаарын дайралт хийлээ. Бие даасан улсын нутаг дэвсгэрт энэ мэт пуужингийн цохилт өгсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн гурван орон олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэсэн үг. АНУ-ын Батлан хамгаалах яам Сирийн болон тус бүс нутаг дахь терроризмын эсрэг тэмцэлд ОХУ дэмжлэг үзүүлэхгүй байна гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийсэн. Эштон Картер дүгнэлт хийхдээ асуудлыг нягталсан бол би түүнтэй санал нийлэх байлаа. Бидэнд олон улсын эвсэл холбоодын тусламж хэрэгтэй, хэцүү байсан ч даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн.

-Оросын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын гол сэдэв нь Сирийн асуудал байдаг. Сирийн талаарх АНУ-ын стратегийн талаар та ямар бодолтой байна вэ?

-АНУ-ын мэдээллийн агентлагуудын онцолсныг үзвэл Вашингтоны эрх баригчид Сирийн талаарх стратегийн бодлогоо манай улс шиг тодорхой зарлаагүй. Сүүлийн жилүүдэд АНУ-ын засаг захиргаа Сирид явуулж буй бодлогоо тогтмол өөрчилж байна. АНУ Сирийн зөрчлийг намжааж улс орны тогтвортой байдлыг урьдчилан сэргийлэхийг хүсэхгүй байгаа. Тэд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах зорилгоосоо ухрахгүй. Пентагоны хяналттай газар нутагт бэлтгэгдсэн босогчид Сирийн Засгийн газрын армийн эсрэг турхирч байна. АНУ- ын тал тэдэнд байлдааны зэвсэг, техник нийлүүлдэг. Үүний зэрэгцээ АНУ-ын эрх баригчид олон улсын чанартай хурлын үеэр Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж амладаг ч энгийн иргэдэд тусламж олгоогүй. Энэ мэт Вашингтоны үзэл баримтлалыг стратеги гэж нэрлэхэд хэцүү.

-“Восток-2018” цэргийн сургуулилтыг НАТО-гийн эсрэг чиглэсэн Оросын бодлогын тусгал, Америкийн эсрэг Орос, Хятадын цэргийн холбооны хүч чадлыг харуулсан зэрэг шүүмжлэлийн талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-“Восток-2018” хамтарсан цэргийн сургуулилт ОХУ-ын Ази тивд харьяалагддаг Сибирь болон Алс Дорнодод болно. Европ тивд харьяалагддаг Оросын газар нутгийн адил сургуулилтад оролцогчдын тоог хязгаарласан олон улсын гэрээ хэлэлцээр Уралын нурууны чинадад үйлчлэхгүй учраас энэ удаагийн цэргийн сургуулилт НАТО-гийн үзэл баримтлалд харшлахгүй. Сургуулилтад оролцох цэргийн алба хаагчдын тоо болон газарзүйн хамрах хүрээг харгалзан үзвэл ОХУ-ын түүхэнд байгаагүй, хамгийн өргөн цар хүрээтэй сургуулилт болох юм. Энэ удаагийн сургуулилт нь Зөвлөлт холбоот улсын түүхэн дэх хамгийн том буюу Беларусь, Украин, Балтийн тэнгисийн гурван улс, Варшавын гэрээний зарим орны газар нутагт 1981 онд болсон “Запад-81” цэргийн сургуулилтын дараа орно. “Восток-2018” сургуулилтад Орос, Хятад, Монгол Улсын армийн төлөөлөл оролцоно. Цэргийн холбооны хүч чадлыг гайхуулсан гэхээс илүү бүс нутгийн хамтарсан бэлтгэл гэвэл ононо. Харин АНУ Зүүн болон Зүүн Өмнөд Азид цэргийн оролцоогоо бэхжүүлэхээр оролдож, Филиппинтэй нэлээд идэвхтэй хэлэлцээр хийж байгаа бөгөөд Өмнөд Солонгостой цомхон хөтөлбөрөөр сургуулилт хийснийг дурдах хэрэгтэй. Энэ удаагийн цэргийн сургуулилт АНУ, НАТО- гийн Европын орнуудад хийсэн цэргийн сургуулилтаас ялгаатай. Манай цэргийн түншлэл нь аливаа улс, эвслийн эсрэг чиглээгүй бөгөөд зөвхөн дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой.

-Орос Вашингтоны харилцаа муудсан ч Кремль Хятадтай нөхөрлөлөө зузаатгаж байна гэж шинжээчид үзэж байна.

-Олон улсын харилцааны асуудлууд нь хүндэтгэх, итгэлцэлд суурилдаг нь Орос, Хятадын харилцааг бэхжүүлэхэд нөлөөлсөн. Манай улс БНХАУ-тай эртнээс найрсаг харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд стратегийн олон талт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Үүний хүрээнд зэвсэгт хүчний хамтын ажиллагаа, ялангуяа тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилт зохион байгуулж эхэллээ. Шанхайн хамтын нөхөрлөлийн орнуудын “Энхтайваны номлол”-д гишүүн улсын армиуд хамтарсан сургуулилт зохион байгуулах талаар тодорхой заасан. Үүнээс гадна БНХАУ-ын төлөөлөгчид ОХУ-ын Батлан хамгаалах яамны олон улсын цэргийн сургуулилтад жил бүр оролцдог. Оросын зэвсгийн экспортын 12 хувийг Хятад улс эзэлдэг.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (202.21.124.19)

    2018-09-06

    Янкууд юу юм бэ. Дэлхийн цагдаа юм уу, эсвэл дэлхийн хулигаан юм уу. Өөрөө болохоор хаана л бол хаана цэрэг оруулж зэвсэг байршуулж, нийлүүлж, дайн самуун дэгдээж дур зоргоороо авирлах. НҮБ, Олон улсын дүрэм гэрээ хэлэлцээр, хэм хэмжээг огт тоодоггүй