Мал угаалгын ажилд идэвх, санаачилгатай оролцохыг малчин түмэндээ хандан уриалж байна

Монгол Улсын Засгийн газраас мал, амьтны халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх бодлого баримталж байна. Энэ ч үүднээс УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар (хуучин Мал эмнэлэг, үржлийн газар) санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

Уг ажлын хүрээнд 1990-ээд оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг хуваарьт төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, бүх малаа хамруулахыг зорьж байгаагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг илэрхийлсэн юм. 

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсээс улирал тутам ирүүлдэг тайлан мэдээллээс харахад, 2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт мал сүргийн 0,5 хувь буюу 362 мянган мал шимэгчтэх өвчнөөр өвчилжээ. 30 гаруй нэрийн шимэгчтэх өвчин байдгаас малын арьсыг гэмтээж, өвчлүүлдэг 4-5 төрлийн өвчин бий.

        Хөх ширх, шар ширх, шалз, хачиг зэрэг шимэгчлэгч нь нийт мал сүргийн 0,01 хувьд тохиолддог ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, тоохгүй өнгөрч болохгүй.
Энэ ч үүднээс малыг давжааруулж, биеийн эсэргүүцлийг сулруулан, эрсдэл даах чадварыг бууруулж, улмаар түүхий эдийн гарц, чанарт сөргөөр нөлөөлдөг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх сонгомол арга нь малын угаалга юм.

Малаа эрүүл байлгах нь мал, амьтан өмчлөгч таны нэн тэргүүний үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тиймээс малаа угаалгад хамруулах, хэвтэр бууцаа ариутгуулахын тулд:
- Сум, багийн засаг захиргаанд өөрөө хандах эсвэл орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тогтоосон хугацаанд малаа бэлэн байлгана.
- Мал угаах үед малын эмчийн зааварчилгаа, зөвлөмжийг даган, технологийн дагуу бүх малаа угаалгад хамруулна.
- Малын угаалгын үйлчилгээний хөлсийг малчин, мал бүхий этгээд хариуцах юм.

Малаа жилд нэг удаа, халдварт болон халдварт бус өвчний үед жилд хоёр удаа зайлшгүй угаалгаснаар:
- Шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээргээ бүрэн авах нөхцөл бүрдэнэ.
- Арьсны гэмтэл багасч, арьс шир, ноос ноолуурын чанар, гарц дээшилж, түүхий эдийн үнэ цэнэ өснө.
- Махны гарц 15 хувиар нэмэгдэж, экспортод эерэгээр нөлөөлнө.
- Малчдын орлого 30 хувиар өсөж, амьдрал сайжирна.

Мал эмнэлгийн практикт малыг шүрших, ваннадаж буюу шумбуулан угаах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Шимэгчлэгч нь малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу мал, амьтны нүдний ухархай, чихний уг, суга, цавь, хэвлий, хонго, сагагт байдаг. Тиймээс шүршиж угаах нь шимэгчтэх өвчнөөс сэргийлэх найдвартай аргад тооцогддоггүй.
Зориулалтын зөөврийн төхөөрөмж нь малчны хотонд шууд хүрч үйлчлэн, шумбуулан угааснаар гадна шимэгчид 90-100 хувь устдаг гэж үздэг. Харин малыг угаах уусмалын найрлага, цаг хугацааны тохироо, мэргэжлийн эмчийн зааварчилгаа чухал гэдгийг анхаарах нь зүйтэй. 

Улс орон даяар явагдаж буй шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой малын угаалгын ажилд идэвх, санаачилгатай оролцож, малаа бүрэн хамруулахыг малчин түмэндээ хандан уриалж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)