Ши Жиньпин: Африкийн зарим улсын өрийг тэглэнэ
- 2018-09-06
- Дэлхий
- 0
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Африкийн зарим орныг өрөөс чөлөөлөхөө амлалаа. Тэрбээр нэрийг нь дурдаагүй ч “Африкийн хамгийн их өртэй, ядуу орнуудыг энэ онд багтаан төлөх ёстой хүүгүй зээлүүдээс чөлөөлнө” гэж Бээжин хотноо болж буй “БНХАУ-Африкийн хамтын ажиллагааны форум”- ын үеэр мэдэгдсэн байна. Мөн Африкийн орнуудад 60 тэрбум ам.долларын зээл тусламж, санхүүжилт олгохоо зарлажээ. БНХАУ гурван жилийн өмнө үүнтэй ижил хэмжээний санхүүжилт Африкт олгох шийдвэр гаргаж байсан юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин форумын үеэр “БНХАУ Африкт Засгийн газрын тусламж үзүүлэх, хөрөнгө оруулж, санхүүгийн байгууллага компаниудыг санхүүжүүлэх зорилгоор 60 тэрбум ам.долларын санхүүжилт дахин олгоно. Бид Африкийн орнуудын дотоод хэрэгт оролцохгүй, зорилго зорилтоо тулгахгүй, эдийн засгийн туслалцаа үзүүлснийхээ төлөө улс төрийн ямар нэг нөхцөл тавихгүй.
Хоёр талын хамтын ажиллагаа эерэг, эсвэл сөрөг нөлөөтэй аль нь болохыг БНХАУ, Африкийн иргэд дүгнэх боломжтой” хэмээн онцолжээ. Үүнээс 15 тэрбум ам.долларыг буцалтгүй тусламж, хүүгүй зээл болон хөнгөлөлттэй зээл хэлбэрээр, 20 тэрбум ам.долларыг зээлийн шугамаар олгох бол 10 тэрбум ам.долларыг хөгжлийг санхүүжүүлэх тусгай санд, таван тэрбум ам.долларыг Африкийн импортыг санхүүжүүлэх тусгай санд тус тус олгох ажээ. Мөн Хятадын компаниуд ирэх гурван жилийн хугацаанд Африкийн орнуудад хамгийн багаар тооцоход 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх аж. Ши Жиньпин ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа “Нэг бүс, нэг зам” санаачилгаа хамгаалах байр суурьтай байгааг ажиглагчид онцолж байна. Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр “Энэхүү төсөл хөтөлбөр нь авто болон төмөр зам, боомт, хоолой зэрэг худалдааны сувгуудыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой” гэж дурджээ. БНХАУ сүүлийн үед өрийн дарамт үүсгэж байна гэсэн үндэслэлээр Австрали, Энэтхэг тэргүүтэй олон орны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Түүнчлэн Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамад өнгөрсөн сард Бээжинд айлчлах үеэр “Колоничлолын шинэ хэлбэр” тогтож байгааг анхааруулж, БНХАУ-ын дэмжлэгтэй 20 тэрбум ам.долларын төмөр замын төслийг цуцалсан юм.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)