В.Путин, Ши Жиньпин нар 100 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ
- 2018-09-13
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Владивосток хотноо уулзаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцжээ. Талууд энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, стратегийн салбаруудад хамтран ажиллахаар болсон байна. Ялангуяа батлан хамгаалах болон эдийн засгийн харилцаагаа бататгаж, АНУ-ын худалдааны нэг талт бодлогын эсрэг хамт сөрөн зогсохоор тохиролцжээ. Тогтворгүй харилцаатай байсан хоёр улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд нягт хамтран ажиллаж байгаа нь дэлхий дахины анхаарлыг татах болсон. АНУ-ын хориг, татвар нэмэгдүүлэх арга хэмжээнд өртөөд байгаа ОХУ болон БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохоор хичээж эхэлсэн юм.
ХООЛНЫ ШОУ ҮЗҮҮЛЖ, ХУНДАГА ТУЛГАВ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ, ШХАБ, “Их 20” зэрэг олон улсын байгууллагад ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа тэлж байна. “Бид Солонгосын хойгийн асуудалд улс төрийн болон дипломат байр сууринаас үргэлжлүүлэн хандана. Тиймээс БНСУ болон БНАСАУ-ын удирдагчдын авч байгаа шат дараатай арга хэмжээг дэмжинэ. Мөн Пхеньянд болох хоёр Солонгосын дараагийн дээд хэмжээний уулзалтаар ахиц дэвшил гарна гэж найдаж байна. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд АНУ, БНАСАУ-ын хоорондын харилцааг хэвийн болгох нь чухал үүрэгтэй гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын хувьд ОХУ, БНХАУ нь дэлхийн энхтайвныг хадгалж, тогтворжуулж, хөгжил дэвшилд чиглүүлэхэд хариуцлага хүлээнэ. Бид олон улсын асуудлуудыг ижил өнцгөөс харж, энэ тал дээр нийтлэг сонирхолтой байна. Түүнчлэн бид АНУ-ын нэг талыг барьсан худалдааны бодлогын эсрэг байх болно” хэмээн онцолжээ. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтыг олон улсын хэвлэлүүд ажиглаж байсан бөгөөд тэдний шийдвэр Владивостокийн чуулганы хамгийн гол тохиролцоо байлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр, ОХУ болон БНХАУ-ын төлөөлөгчид 100 тэрбум ам.доллараар хэмжигдэх 73 төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үүнээс гадна харилцан ойлголцлын санамж бичиг, 2018-2024 онд Алс Дорнодод худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт Орос, Хятадын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр, Алс Дорнод, Байгаль нуурын бүс нутаг, Хятадын Зүүн хойд нутгийн ажлын зөвлөл байгуулах асуудлаар харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уулзалтын дараа В.Путин, Ши Жиньпин нар сэтгүүлчдэд хоолны шоу үзүүлжээ. Хоёр улсын төрийн тэргүүн Оросын үндэсний уламжлалт бин хайрч, нөхөрлөлөө батлан харуулсан нь олныг гайхшируулсан юм. Тэд хайрсан бингээ загасны түрс хачирлан орос маягаар хооллож, хундага тулган хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ерөөл өргөв. Энэ нь тэдний хоёр дахь удаагаа хамт хооллосон тохиолдол аж. Оросын төрийн тэргүүн В.Путин БНХАУ-д айлчлах үед Ши Жиньпин дарга банш хэрхэн хийхийг зааж өгчээ.
ОХУ, БНХАУ-ТАЙ ТҮНШИЙН ХАРИЛЦААГАА НЯГТРУУЛЛАА
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болдог Орос, БНХАУ-ын Бизнесийн зөвлөх хорооны уулзалтын үеэр олон тэрбум ам.долларын өртөг бүхий хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцсэн байна. Тус хороо ОХУ болон БНХАУ-ын тэргүүлэгч компаниудын 150 төлөөлөгчөөс бүрддэг аж. “ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн хүчтэй өсөлт нь үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгохын сацуу хоёр улсын харилцааг баяжуулж буй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрээс бүтээлч үйл ажиллагаа гарна гэж найдаж байна” хэмээн ОХУ-ын Төрийн мэдлийн баялгийн сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев онцолжээ. Талууд 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай технологийн хамтарсан хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа аж. В.Путин, Ши Жиньпин нар Бээжин, Йоханнесбургт хийсэн уулзалтаараа хамтын ажиллагаагаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгосон билээ. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Оросын харилцааны улс төрийн давуу байдал хамтын ажиллагааны бодит үр дүн болсон. Талууд аюулгүй байдал, ашиг сонирхлоо их гүрнүүдийн хэмжээнд хамгаалах болсныг ажиглагчид онцолж байна. БНХАУ, ОХУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа нягтруулж, “Нэг бүс, нэг зам”, Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдаа, хамтын ажиллагааг ахиулах болсон. Мөн эрчим хүч, хөдөө аж ахуй, технологийн шинэчлэл, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлж байна. Энэ удаагийн Дорнын эдийн засгийн форум Алс Дорнодын хамтын ажиллагаа зэрэг хоёр орны орон нутгийн хамтын ажиллагаанд олон шинэ боломж нээснийг дурдах хэрэгтэй.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)