Нарны энергийг усан дээр хуримтлуулна
- 2018-10-14
- Дэлхий
- 0
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийн үндсэн зорилт эхнээсээ биеллээ олж байна. Даян дэлхийн улс орныг эгнээндээ нэгтгэж чадсан энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт уул уурхайн салбарт шинэ горим тогтоож эхэллээ. Үүнээс улбаатай өөрчлөлт эрдэс түүхий эдийн зах зээлийн ирээдүйн төлөвийг шинэчлэх бололтой. Улс орны хэрэгцээ шаардлага, дэлхий дахины хөгжлийн хандлага сэргээгдэх эрчим хүч ашиглахыг биднээс шаардаж байна. Эрчим хүчний хангалт бидний нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр, хүн төрөлхтөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд маш их хэмжээгээр нөлөөлж буй нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгаж, байгаль орчинд хор хөнөөлгүй эрчим хүчний эх үүсвэрийг хэрэглэх нь бидний гол зорилтын нэг боллоо. Олон улсын эрчим хүчний газраас нийтэлсэн тайланд нөхөн сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нүүрсний хэрэглээнээс давсан ба 2030 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээний 45 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлэх гэнэ. Нөхөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр АНУ, Хятад, Энэтхэг, Мексик улс дэлхийд тэргүүлж байна. Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний салбар дахь нэгдэл сүүлийн үед хүчээ авах болсон.
Гэхдээ БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад тулгамдаж буй сорилтын нэг нь эрчим хүчний хангамж юм. Хөгжиж буй болон хөгжингүй эдийн засагт эдгээр орны эрчим хүчний импортын хамаарлын хувь хэмжээ өндөр хэвээр байна. Энэхүү хэрэглээг хангах боломж нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй манай улсад байгаа. Бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээ эрчим хүч экспортлогчдын хараанд хамгийн ихээр өртөх болсон. XX зуунтай харьцуулахад нарны цахилгаан станц барих өртөг 60, салхин цахилгаан станцын өртөг 24, далайн эрэг хавийн салхин цахилгаан станцын зардал 36 хувиар буурчээ. Шинэ техник технологи, иновацийн ололтоос үүдэлтэйгээр сэргээгдэх эрчим хүчний өртөг ийнхүү эрс багасах болжээ. Нүүрсний эрчим хүчийг хэт түшиглэх нь нөөцийг барагдуулж, байгаль орчныг ч бохирдуулдаг сөрөг талтайг судлаачид онцолдог. Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги юм. Гэхдээ энэ гайхамшигт энергийг бий болгохын тулд мэдээж эх үүсгүүр хэрэгтэй болдог. Нүүрс, газрын тос, уран зэрэг эрчим хүчний үүсгүүрээс татгалзаж, сэргээгдэх байгальд ээлтэй, хүмүүсийн эрүүл мэндэд харшлахааргүй үүсгүүрийг сонгох нь ирээдүйн зайлшгүй сонголт гэж эрдэмтэд анхааруулсаар байна. Цаашлаад дотоод шаталтын хөдөлгүүрийг орлох технологи ч гарч ирнэ. Байгаль орчны бохирдол, экологийн доройтол болоод түүнээс үүдэлтэй олон асуудлыг шийдэхийн тулд эрчим хүчний салбарт хувьсгал хийх үүнд гар бие оролцох мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дэх хамгийн эрэлттэй хүний нэг болох нь. Нарнаас гарч байгаа дулааныг ашиглан эрчим хүч гаргах нь хамгийн үр дүнтэй шавхагдашгүй сэргээгдэх эрчим хүч юм. Орчин үеийн нарны зайн хавтанг 1980-ад оноос хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна. АНУ, Морокко, Испани гэх оронд нарны эрчим хүчний хамгийн том үйлдвэрүүд байрладаг. Хятад улс агаарын бохирдлыг бууруулж, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний төсөлд 360 гаруй тэрбум ам.доллар зарцуулаад байна. Ингэснээр тус улс байгалийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагч хамгийн том орны нэг болжээ. Энэ онд ашиглалтад орсон усан дээр хөвдөг тавцантай “Санрөү Хуайнань” нарны эрчим хүчний үйлдвэр нь дэлхий дээрх энэ төрлийн хамгийн том байгууламж юм. Аньхуй мужийн Хуайнань хот дахь нүүрсний уурхайн хуучин суурин дээр байгуулсан ба 166 мянган хавтангаас бүрддэг уг үйлдвэр нь 40 мегаваттын хүчин чадалтай аж. Энэ нь 15 мянган айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангах хүчин чадалтай. Хөвдөг тавцан нь усан дээр бага температурт байх тусмаа эрчим хүчийг их хуримтлуулахаас гадна тоос шороо багатай зэрэг олон давуу талтай юм.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)