Хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг бүс нутаг онцлов
- 2018-09-14
- Байгаль орчин
- 0
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан Хүнсний олон улсын эрх зүйн хорооны нарийн бичгийн дарга нарын газраас Ази-Номхон далайн бүсийн орнуудад зориулан зохион байгуулсан “Азийн бүс нутагт Кодексийн оролцооны бэлтгэлийг хангах” сэдэвт семинар БНЭУ-ын Дели хотноо 2018 оны 9 дүгээр сарын 5, 6-нд боллоо.
Семинарт Ази-Номхон далайн бүс нутгийн 19 улсын төлөөлөгч оролцож хүнсний олон улсын эрх зүйн хорооны /САС/ стандартын төслийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулах EWG /electronic working group/ болон стандартын төсөлд цахимаар санал өгөх OCS /online commenting system/ платформ, мөн хүнсний аюулгүй байдлын чиглэлээр тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар харилцан санал, мэдээлэл солилцлоо. Түүнчлэн тус арга хэмжээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгчид оролцож, олон улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцлаа. Семинарт манай улсаас ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, мэргэжилтэн Б.Батбаатар нар оролцож, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүнчлэн хөгжиж байгаа орнуудад хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд тулгамдаж байгаа нийтлэг асуудлын талаар мэдээлэл өгч санал солилцов.
Семинарын хүрээнд төлөөлөгчид БНЭУ-ын Хүнсний аюулгүй байдал, стандартын байгууллагын бодлого, үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага нь шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилсан хүнсний аюулгүй байдлын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдох яам, газруудын ажлын уялдааг хангаж ажилладаг байна. Хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой байдгийг онцолж байв.
Ази-Номхон далайн бүсийн Кодексийн зохицуулагч орноор Энэтхэг улс, Кодексийн гүйцэтгэх хорооны бүс нутгийн зөвлөх орноор Малайз улс тус тус ажиллаж байна. Хөгжиж байгаа орнуудад Кодексийн үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх “Codex Trust Fund” Хүнсний олон улсын эрх зүйн хорооны дэргэд ажилладаг. Тус сангаас дэмжлэг авах хүсэлтийг гишүүн орнуудаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүлээж авахаар зарласан. Монгол Улс тус санд Кодексийн үндэсний чадавхийг бэхжүүлэх, хүнсний олон улсын стандартуудыг нутагшуулах, мэдээллийн сүлжээг байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах салбар дундын зохицуулалтыг сайжруулах чиглэлд техник туслалцаа авах, төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ гаргахаар бэлтгэж байна.
Сэтгэгдэл (0)