Ф.Фукуяма: Хүн төрөлхтөн удирдагчаас хэдийнэ залхсан


АНУ-ын улс төр судлаач Фрэнсис Фукуямагийн Оросын сэтгүүлч Жанна Немцоватай хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр Францын хувьсгалаас “Арабын хавар” болон өнөөгийн Америкийн улс төр дэх гажуудал, төр хэрхэн хөгжиж, ардчилал яаж мандсан тухай өгүүлсэн бүтээлээрээ алдартай нэгэн. Түүнчлэн дэлхий даяар дундаж давхарга өсөн өндийж байгаа эринд ардчилал болон Барууны ужгирсан улс төрийн саажилтыг ямар ирээдүй хүлээж байгааг зоригтой таамагласан судлаач юм.

-Армянд өнгөрсөн хавар улс төрийн хямрал үүсэхэд та Ереванд байсан. Оросын ажиглагчид энэ үйл явдлыг “Хамба хилэн хувьсгал” хэмээн нэрлэж багагүй ач холбогдол өгсөн. Харин та Армяны хаврыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хүмүүс нэгдэж чаддагийн бодит жишээ боллоо. Мөн армянчуудад Саргсяны эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн оролдлого таалагдаагүйг харуулсан. Тэрбээр энэ улсыг 10 гаруй жил удирдсан ба Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн нь бүтэлгүйтсэн. Хүн төрөлхтөн удирдагчаас хэдийнэ залхсан гэдгийг Армянд өрнөсөн улс төрийн хямрал баталж байна. Армян улс Оросын нөлөөнд байдагт би санаа зовнидог. Нөгөөтэйгүүр, Орос улс хуучин тогтолцоонд сэтгэл хангалуун байдаг бөгөөд Армяны хямрал Кремлийн бухимдлыг төрүүлсэн нь гарцаагүй. Москвагийн эрх баригчид Армяныг Оросын нөлөөний бүсээс гаргах бодолгүй. Тиймээс энэ улсын ирээдүй эмзэг байна.

-Зөвлөлтийн дараах орон зайд авторитар дэглэмээс ардчилал руу шилжих цорын ганц арга зам бол хувьсгал гэж та боддог уу. Гүрж улс 2003 онд "Сарнайн хувьсгал" хийсэн. Тус улсын одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн тайлбарлах вэ?

-Бүхнийг хувьсгалаар шийдэх боломжгүй. Жишээ нь, Украин улсад ардчиллыг бодитоор хөгжүүлэх эсэх нь шүүмжлэл дагуулдаг. Энэ улсад авлига, эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой бугшсан асуудал олон. Украинд ирэх жил сонгууль болно. Сонгуулийн үр дүнд шинэчлэл хийж хувьсгалгүйгээр буюу тайван замаар Засгийн газрыг өөрчлөх боломжтой. Тус улсад 2014 онд хийсэн шинэчлэл дорвитой үр дүнд хүрээгүй нь харамсалтай. Сакашвилийн Засгийн газар эдийн засаг, улс төрийн хүрээнд хэд хэдэн чухал шинэчлэлт хийсэн. Тэд олон салбарт авлигыг даван туулж, засаг захиргааны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж чадсан ч харамсалтай нь Гүрж улсад эрх мэдэл олигархиудын гарт шилжсэн.

-Та 1990-ээд оны эхээр дэлхийг байлдан дагуулсан “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” хэмээх алдартай номыг бичсэн. Энэ номд “Коммунизмын уналт нь чөлөөт зах зээл, либерал ардчилагчдыг ялалтад хүргэсэн бөгөөд энэ нь улс төрийн дэглэмийн сүүлчийн хэлбэр болох ёстой” гэсэн байдаг. Гэвч ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн бололтой. Таны бодлоор либерал ардчиллын өнөөгийн хямралын шалтгаан нь юу вэ?

-Ардчилал нь хүний эрхийг хүндэтгэх хамгийн доод түвшинг бий болгож ард түмэнд эрх чөлөө олгодог. Хэрвээ та ажилгүй бол үргэлж сэтгэл хангалуун байхгүй шүү дээ. Эсвэл ялгаварлан гадуурхагдсан цөөнх бол яах вэ. Үндэснийхээ нэр төр, улс орноо алдахвий гэх айдас Европыг нөмөрлөө. Цагаачдын хөлд дарагдсан Европын олон орны ард түмэн шилжин суурьшигчдын интеграцыг сайшаадаггүй тул айдсаа зөвтгөдөг. Ялангуяа Сирийн иргэний дайнаас дайжсан их нүүдэл энэ үйл явцыг хурдасгасан.

-Магадгүй энэ нь популистууд, барууны улс төрийн намуудын нэр хүндийг өсгөх шалтгаан байж болох юм.

-Магадгүй. Энэ нөхцөл байдал Унгар, Польш зэрэг бараг цагаачидгүй улс орны тулгамдсан сэдэв боллоо. Унгар, Польш улсын ард түмэн хөгжиж буй орноос ирсэн хар арьстнуудын давалгаанд цочирдох давалгааг улс төрийн хүчнүүд нь эхлүүлсэн.

-Та 25 жилийн өмнө “Коммунист системийн улс орнууд Барууны хөгжлийн загварыг хуулбарлана” гэдгийг онцлоод энэ үйл явцыг “Дани загвар” гэж нэрлэсэн. Барууны хөгжлийн загварыг коммунист лагерын ихэнх улс орон хүлээн авсан уу?

-Олон улс энэ системээр замнах боломжтой. Гэхдээ бодит байдалд улс бүр ийм идеал загвар руу дөхөж чадахгүй байна. Жишээлбэл, “Арабын хавар” хөдөлгөөн эхлэхдээ дарангуйлагчийн эсрэг ард түмний жинхэнэ тэмцэл байсан. Харин одоо бүгд итгэл алдарсан шүү дээ. Украин болон бусад улсад ч мөн ижил байдал үүссэн. Ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг төр, засгаасаа шаардаж, жагсаал тэмцэл хийж байгаа нь ардчилсан институдэд сөргөөр нөлөөлдөг.

-Ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд төр, засаг заавал ардчилсан байх албагүй шүү дээ. Ойрын жишээ татвал Хятад улс байна?

-Либерал ардчилалд Хятад үзэл санааны том сорилт гарган тавьж байгаа нь үнэн.Хэрвээ Хятадыг Зимбабве эсвэл Умард Солонгостой харьцуулбал, Хятадын авторитар дэглэм хамаагүй үр ашигтай. Гэсэн ч удаан хугацааны төлөв байдлаа харахад төрөө амжилттай удирдах нь ардчилсан үйл явцтай шууд холбоотой байдаг. Учир нь авторитар дэглэм иргэдтэй харилцах холбоогоо хэзээ нэгэн цагт алддаг. Хэн ч удирдагчийг, ард түмнээ сонсохыг шахаж, шаарддаггүй. Мөн ардчилсан Энэтхэгт улстай харьцуулбал БНХАУ удирдлагын үр ашигтай тогтолцоо бий болгож чадсан.

-Европ өнөөдөр эдийн засгийн, улс төрийн хувьд ч үеэ элээсэн, ядарсан харагдаж байна. Гэсэн ч дэлхий даяараа шашны, хүн ам зүйн, үндсэрхэг үзлийн эргүүлэгт орсон. Ойрхи Дорнод, Путиний Оросыг жишээ татаж болох юм.

-Магадгүй бид одоо авторитар дэглэмийн сэргэлтийн үед байж болох юм. Бодоод үз дээ, 1970 онд дэлхийд ардчилсан сонгууль 35 улсад болсон бол өнөөдөр 110 орон ардчилсан сонгууль явуулж байна. Тиймээс дэлхийн гуравны хоёр нь ардчилсан улсад амьдарч байна. Өнөөдөр өрнөж байгаа үйл явдлууд миний сэтгэлийг зовоож байгаа ч ардчиллын болон глобал эдийн засгийн зарчмыг хүлээн зөвшөөрөх чиг хандлага 50 жилийн өмнөхтэй харьцуулахад дээрдсэн. Тиймээс бид зөв замд байна гэдэгтээ найдах хэрэгтэй.

-Сүүлд хэвлүүлсэн “Улс төрийн хөгжил, уналт” номдоо та ардчилал, автократ зэрэг улс төрийн бүх тогтолцоо ялзрах хандлагатай байна гэж бичсэн. Тухайлбал, АНУ-д улс төрийн уналтын ямар шинж тэмдэг ажиглагдаж байна вэ?

-Бие биеэсээ хамааралгүй хоёр үйл явц байдгийн нэг нь урт хугацааны бууралт юм. Тодорхой дэг журам тогтоосон ч асуудлыг шийдвэрлэх боломжгүй нь бий. Сонгогчдын бүлэг байх ёстой. Гэтэл АНУ-д болсон сүүлийн хоёр сонгуулиар Ерөнхийлөгчөө хэн нэгний бус олонхын саналаар сонголоо. Энэ тогтолцоог халах хэрэгтэй. Бид сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлж байгаа бүх мөнгөө хянах боломжтой болсон ч Үндсэн хуулиар баталгаажсан учраас хяналт тавьж чадахгүй байна. Энэ нь улс төрийн бууралтын шинж юм.
Х.Эрдэнэзаяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)