Пханмунжоны тунхаг хеньянд баталгаажлаа

БНСУ, БНАСАУ-ын Төрийн тэргүүн нар хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ нь Пхамунжоны тунхаг бичгийн хүрээнд хийж буй хэлцэл юм. БНСУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны байранд болсон хэлэлцээр хоёр цаг үргэлжилсэн байна. Хэлэлцээрт Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газрын тэргүүн Со Хун, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Чон Ый Ён нар оролцсон бол Умард Солонгосын талаас Ким Жон Уны дүү Ким Ё Жон болон Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль нар байлцжээ. Уулзалтын эхэнд Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд талархал илэрхийлээд “Хоёр улсын болон БНАСАУ, АНУ-ын харилцаа сайжирч байна. АНУ, БНАСАУ-ын хооронд яриа хэлэлцээр хийхэд оруулсан таны хичээл зүтгэлийн үр дүнд дээд хэмжээний уулзалт болсон. Түүнчлэн БНСУ болон БНАСАУ асуудлыг хэлэлцэж, бүс нутагт тогтвортой байдал бий болгон, хөрш орнуудтайгаа харилцахын тулд хамтын хүчин чармайлт гаргаж байна. БНАСАУ болон АНУ-ын харилцаанд цаашид ахиц дэвшил олно гэдэгт итгэдэг. Эргэн тойрны бүс нутгийн байдал тогтворжиж, ахиц гарах болно” гэв. Мүн Жэ Ин “Би таны шинэ эринийг нээж байгаа шийдвэр зоригоор бахархдаг. Үүрэг хариуцлага ихтэйг ойлгож байгаа. Зөвхөн хоёр Солонгосын хувьд ч биш БНАСАУ, АНУ-ын харилцааны шинэ эрин үеийг нээж байгаад танд талархал илэрхийлье. Энэ удаагийн уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хүн төрөлхтөнд энхтайван, хөгжлийн үр дүнг харуулахыг хүснэ” гэж онцоллоо. Цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУын удирдагч Ким Жон Ун нар санал солилцсон талаар Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Төрийн тэргүүнүүд Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг зогсоох, хоёр Солонгосын харилцааг сайжруулах асуудлаар дахин хэлэлцэхийг эх сурвалж онцоллоо. Тэд Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар санал нэгдсэн байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун “Хэрэв АНУ дорвитой арга хэмжээ авбал цөмийн хөтөлбөрийн гол цогцолбороо хаана” гэж мэдэгджээ.

 

КИМ ЖОН УН БНСУ-Д АЙЛЧИЛНА

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Пхеньян хотноо айлчилж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа БНСУ-д ойрын хугацаанд айлчлахаа мэдэгдсэн байна. Энэхүү айлчлал нь Умард Солонгосын удирдагчийн Сөүл хотод хийх анхны айлчлал болох юм. Айлчлалын талаар хоёр Солонгосын удирдагчийн яриа хэлэлцээрийн дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдэлд “БНАСАУын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Ерөнхийлөгч Мүн Жэ Иний урилгаар Сөүл хотод айлчлах шийдвэр гаргажээ” хэмээн тэмдэглэсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн салбарынхан багтаж байгааг онцлох үйл явдалд тооцож байна. Тухайлбал, “Samsung”-ийн дэд Ерөнхийлөгч И Жэ Ён тэргүүтэй БНСУ-ын компаниудын удирдлагууд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзсан юм. Энэхүү уулзалт нь хоёр талын хоорондын итгэлцлийг сайжруулна гэж найдаж байгаагаа “Samsung” компанийн дэд Ерөнхийлөгч И Жэ Ён онцолжээ. Түүнчлэн Пусан хотын захиргаа БНАСАУ-тай урт хугацаанд хамтран ажиллах төслүүдээ танилцууллаа. Үүний дотор төмөр зам, далайн тээврийн төсөл багтаж байгаа аж. Үүнээс гадна загасны худалдааны чиглэлээр хамтран ажиллаж, Пусаны Олон улсын кино наадамд БНАСАУ-ын кино уран бүтээлч, жүжигчдийг урихаар төлөвлөжээ. Түүнчлэн Өмнөд болон Умард Солонгос улс 2032 оны зуны олимпын наадмыг хамтран зохион байгуулах, 2020 онд Токиогийн олимпод нэгдсэн баг тамирчдаа оролцуулах талаар хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дүнд гаргасан тунхаглалд дурджээ. Ийм боломжуудын талаар өмнө нь Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд То Чон Ван мэдэгдэж байсан юм. Хоёр Солонгос олимпын наадамд нэгдсэн баг тамирчдаа оролцуулж байсан түүхтэй.

 

ТЭРГҮҮН ХАТАГТАЙ НАР АЙЛЧЛАЛЫН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОВ

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жон Су, Умард Солонгосын удирдагчийн гэргий Ли Сол Жу нар Пхеньян хот дахь хүүхдийн “Окрю” эмнэлэг болон “Ким Вон Гюн” консерватори, “Мансудэ” хүүхдийн ордонд зочилжээ. Тэргүүн хатагтай нарыг олон улсын сэтгүүлчдийн баг дагалдан явсан байна. Тэд эмчилгээний өрөө, бага сургуулийн хичээлийн танхим болон эмнэлгийн бусад хэсэгтэй танилцсан бөгөөд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд болон ээжүүдтэй ярилцжээ. Пхеньяны консерваторид зочилж, оюутнуудын тоглолтыг үзэж сонирхсон байна. Барууны сэтгүүлчид Умард Солонгосын тэргүүн хатагтайн стилийн талаар бичиж байна. Тухайлбал, Ли Сол Жугийн хувцаслалт, үс засалт Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтонтой төстэй байсныг онцолжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)