Шерил Сэндберг: Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн ашигласныг системтэй судалж байна

“Фэйсбүүк” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндбергийн “Финансиал таймс” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. 

Шерил, та бизнесийн шилдэг менежер. Танай компанитай үүссэн маргааныг зохицуулна гэдэг амаргүй. Гэхдээ 2015 онд яг юу болсон юм бэ?

-“Кембриж Аналитик” төвийн судалгааны ажлын талаар сайтар судлаагүй нь Марк бид хоёрын алдаа. Бид тэр үед фэйсбүүкийн өгөгдлийг хэрхэн ашигладаг, буруу зүйлд ашиглавал хариуцлага тооцно гэдгийг “Кембриж Аналитик” төвийн удирдлагуудад урьдчилж мэдэгдэх ёстой байсан. Одоо бид ил тод ярих болно. Тухайн үед судалгааны дараа хэрэглэгчдийн өгөгдлийг устгасан тухай “Кембриж Аналитик” байгууллагаас баталгаа авсан. Бид тэдний баталгааг шалгах ёстой байсан. Хэрэглэгчдийн өгөгдлийг хадгалж байсныг манай компани мэдээгүй. Түүнчлэн мэдээлэл нь алдагдсан байх өндөр магадлалтай хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлнэ. Аппликэйшнууд хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломж нөхцөл нь өмнө байгаагүйгээр хязгаарлагдах болно. Мөн зарим хуудас, пейж, группийг хаах арга хэмжээ авч эхэлсэн. Ойрын хугацаанд эдгээр арга хэмжээг авахаар төлөвлөөд байна. Энэ нь цаашдаа нэлээд урт хугацаанд үргэлжилнэ. “Кембриж Аналитик” төв хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн ашигласныг системтэй судалж байгаа. ОХУ, АНУ-ын сонгууль, холбоотон талууд болон ардчилсан институтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхийн тулд маш нарийн компанит ажил явуулахдаа нийгмийн сүлжээг ашигласан гэж Сенатын Тагнуулын хороо мэдэгдсэн. Үүнийг олж илрүүлэх, арга хэмжээ авахдаа бид цаг алдсан тал бий. Энэ бидэнд хамааралтай асуудал. Ямар нэг контент манай бодлогыг зөрчиж байгаа үед бид арга хэмжээ авч устгадаг. Хэрвээ эсрэг талаас шинэ арга барил ашиглавал бид нийтэд зарлан илүү үр дүнтэй арга хэмжээ авахыг эрмэлздэг.

-Марк Цукерберг энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Марк алдаанаас суралцах хэрэгтэй гэж хэлсэн. Ялангуяа хэрэглэгчийн хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх гарцыг эрэлхийлж байна. Хэрэглэгчдийнхээ итгэлийг эргүүлэн олж авахад цаг хугацаа шаардлагатай. Манай компанид зар сурталчилгаа нийлүүлэгчдийн зарим нь зардлаа бууруулж эхэлсэн. Бидний хувьд хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж, алдаа гаргасандаа Марк бид хоёр харамсч байна. Энэ утгаараа бид бодлогын арга хэмжээгээ чангатгаж байгаа.

-Та компанидаа “цус сэлбэх” хэрэгтэй гэж боддог уу. Удирдах зөвлөлийн талаар юу хэлэх вэ?

-Компанийн удирдлагын түвшинд чадварлаг менежерүүд ажилладаг. Удаан хугацаанд хамтарч ажилласан баг бүрэлдэхүүнээ шинэчлэх бодолгүй байна. Бид шаардлагатай гэж үзвэл нээлттэй зохицуулалт хийнэ.

-Та “Google”, “Фэйсбүүк” зэрэг томоохон компанид удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай. Улс төрийн карьерын талаар бодож үзсэн үү?

-Би эрхэлж буй албан тушаалдаа сэтгэл хангалуун байна. Улс төр бол миний сонирхдог ертөнц биш.

-Эмэгтэйчүүдийн карьерын талаар тавьсан илтгэл тань шуугиан тарьсан шүү дээ. Яагаад тэр сэдвийг хөндсөн юм бэ?

-Би нэлээн хугацаанд хүний нөөцийн чиглэлээр ажиллаж, боловсон хүчнүүдтэй ярилцахдаа нэг зүйлийг анзаарсан юм. Ажлаа маш сайн мэддэг, чадвартай бүсгүйчүүдэд шинэ ажил, албан тушаал санал болгоход өөртөө нэг л эргэлзэнгүй “Би чадах болов уу даа” гэдэг. Гэтэл эрчүүд хүсч буй албан тушаалынхаа шалгуурын 60 хувийг л хангасан атлаа албан тушаал ахимаар байна гэж өөрсдөө санал тавьдаг. Энэ талаар TED-д тавьсан илтгэлдээ өгүүлэхийг хүссэн юм. Илтгэлийн дараа олон мянган эмэгтэйгээс захидал ирүүлсэн.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амжилтыг нийгэм, олон нийт харилцан адилгүй хүлээж авдаг талаар дэлгэрэнгүй ярилцъя. Эрэгтэй, эмэгтэйчүүд ижил амжилт гаргасан ч нийгэм өөрөөр хүлээн авч, өөрөөр дүгнэдэг шүү дээ?

-Яг үнэн. Амжилттай яваа эрэгтэйг дандаа эергээр харж, магтаж бахархдаг атлаа эмэгтэй хүн амжилтад хүрвэл сөргөөр хандах нь элбэг. Энэ тэгш бус хандлагыг баталсан судалгаа ч бий. Эрчүүдийг өөрийн хүчэр амжилтад хүрсэн гэж хүн бүр дүгнэдэг. Гэтэл эмэгтэй хүн амжилт гаргахаар эрчүүд ч, бүсгүйчүүд ч дургүй байдаг. Яг л энэ шалтгаанаар би ном бичье гэж шийдсэн . Учир нь, надад энэ бүхнийг туулсан туршлага байна. Ахлах сургуулиа төгсөх үед намайг амжилтад хүрэх магадлалтай сурагчаар нэрлэж байсан юм. Гэтэл төгсөлтийн цомгийг хөтөлж байсан зөвлөл миний нэрийг дур мэдэн хасч билээ. Тэр цагаас хойш би тодорхой хэмжээний амжилт гаргах бүртээ ийм хачирхалтай хандлагыг мэдэрч ирсэн.

-Өнөөдөр ихэнх улсад эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил эсвэл бүр илүү боловсрол эзэмшсэн атал яагаад ингэж дутуу үнэлдэг юм бэ?

-Бидэнтэй харьцаж буй орчинд өгч буй бидний хариулт юм. Эрчүүд бусдыг шаардаж, удирдах бүртээ шагнал хүртдэг. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү боловсрол эзэмшдэг ч нөхөрт гарахаараа карьер бус гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг. Тиймээс удирдах албан тушаал дахь хүйсийн харьцаанд өөрчлөлт гараагүй.

-Европын зарим оронд удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квот тогтоосон гэж дуулсан. Та энэ санаачилгыг дэмжиж байна уу?

-Хэрвээ эмэгтэйчүүд квотоор удирдах албан тушаалд очвол хүмүүс тэднийг чадвараараа удирдагч болоогүй гэж харах болно. Хүйсийн тэгш эрхийн асуудлыг бид өөрөөр үндэс сууриар нь шийдвэрлэж болно гэж би боддог.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)