Шинзо Абэ: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг ирлээ

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн “Japan times” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр Либерал намын даргын сонгуульд ялалт байгуулснаар Ерөнхий сайдаар гурав дах удаагаа улиран ажиллахаар болсон. Хэрвээ Шинзо Абэ 2021 оны наймдугаар сар хүртэл байр сууриа хадгалж чадвал Японы түүхэнд Ерөнхий сайдын албыг хамгийн олон жил хашсан улстөрч болох юм. Өнгөрсөн хугацаанд Шинзо Абэ улс төрийн элдэв дуулиан шуугиануудад холбогдож байсан ч нэрээ цэвэр авч үлдсэн улстөрч. Улс төр судлаачдын үзэж байгаагаар Шинзо Абэгийн энэхүү урт хугацааны засгийн эрх Япон улсын хөгжилд тогтвортой байдлыг үргэлжлүүлнэ гэдгийг онцолж байна.

-Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар ямар байр суурьтай байна вэ?

-Одоо “тулаан” дуусгавар болсон учир Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг ирлээ. Шинэ Японыг бүтээхийн тулд хамтдаа ажиллах хэрэгтэй. Япон улсыг ирэх онуудад олон сорилт хүлээж байна. Манай улсын хүн ам, шинэ Эзэн хааны эрин үе мөн хоёр удаа хойшлуулаад байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ногдуулах арван хувийн татвар зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал бол улс төрийн эмзэг сэдэв. Түүнчлэн Умард Солонгосын пуужин, цөмийн зэвсгийн сүрдүүлэг, Япон улсын бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буй Хятадын цэргийн үйл ажиллагаа, идэвхжилт болон худалдааны дайн зэргийг орхигдуулж болохгүй. Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой хийгээд тус улсад хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд би тус улсын удирдагч Ким Жон Унтай нүүр тулсан уулзалт хийх бодолтой байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь Япон, Умард Солонгосын шинэ харилцааны эхлэл болно.

-Таны зорьж буй шинэчлэл бол Японы өөрийгөө хамгаалах хүчнийг АНУ-аас харьяат бус болгох. Энэ зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Манай Либерал ардчилсан намын гишүүд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүчтэй, санаачилгатай Засгийн газар улс орны эдийн засаг болон гадаад харилцаанд эерэг үр дүн авчирдаг. Шинэ үеийнхний бахархлыг төрүүлэхүйц шинэ улсыг хамтдаа бүтээе. АНУын Ерөнхийлөгч худалдааны дарамтаа эрчимжүүлэх болсон нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Ерөнхийлөгч Дональд Трампын гаалийн татварыг нэмэх шийдвэр манай улсын автомашин үйлдвэрлэлийн салбарыг алдагдалд оруулах эрсдэлтэй. Тиймээс Цагаан ордны тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ худалдааны бодлогын талаар санал солилцоно.

-Япон улс Курилийн арлын эзэмшлийн талаар ОХУ-тай эртнээс маргаантай. Кремлийн талтай тохиролцоонд хүрэхэд ямар саад учирч байна вэ?

-Ази, Номхон далайн бүсэд аюулгүй байдлыг сахиулахад улам бүр адармаатай болоод байгаа өнөө үед Орос, Японы харилцаа тун чухал юм. Бид Орос улстай яриа хэлэлцээрээ хадгалахын зэрэгцээ үндэсний ашиг сонирхлоо нийцүүлэх талд ахиц гаргахыг эрмэлзэж байгаа. Япон улсын умард нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтдаг дөрвөн арлын харьяаллын асуудлыг шийдвэрлэж, энхийн гэрээнд гарын үсэг зурахыг би хүсч байна. Тиймээс Бид Москвагийн эрх баригчидтай дипломат аргаар тохиролцоонд хүрэх болно.

-Хятад улстай харилцаагаа сайжруулах бодлого баримтлах уу?

-Хятад, Японы харилцаа ямар ч тохиолдолд тасрах ёсгүй. Хятад улс манай худалдааны хамгийн гол түнш. Японы пүүс, компаниуд Хятадтай улам нягт, өргөн харилцах болсон. Бид Хятадаас хагас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн аваад дараа нь эцсийн бүтээгдэхүүн болгоод буцаагаад гаргаж байна. Нөгөө талаар, жил бүр шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, технологийн чиглэлийн 4.2 сая хүн хоёр улс руу харилцан зорчиж, туршлага солилцож байгаа нь тун нааштай үзүүлэлт юм. Энэ цаг үед Япон, Хятад улсын дунд санал зөрөлдсөн олон асуудал үүссэн нь үнэн. Гэхдээ Хятадын Ерөнхий сайд Ли Көцян Токиод өнгөрсөн тавдугаар сард айлчилсан бөгөөд хоёр улсын харилцаа сэргэх эхлэлийг тавьсан.

Бид “Стратегийн нэгдмэл ашиг сонирхолд үндэслэсэн харилцан ашигтай” харилцаагаа сэргээх шаардлагатай. Хятадтай хийсэн санхүүгийн хэлэлцээр үр дүнтэй болсныг дурдах хэрэгтэй. Хятад улстай яриа хэлэлцээр хийхэд бид бэлэн. Хятадын тал ч ийм алхам хийнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улсын дарга Ши Жиньпинийг Токиод ирэх сард айлчлахыг урьсан. Энэхүү айлчлалаар хоёр улсын дунд тулгамдсан олон сэдвээр нээлттэй ярилцаж, тохиролцоонд хүрэх байх.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)