Их гүрнүүдийн “худалдааны дайн” Монголд сүүдрээ тусгаж эхэллээ

 “Москвад найтаахад Монгол ханиад хүрдэг” гэх шог яриа аль эрт үеэ өнгөрөөж, хоёр хөршийн байтугай далайн чинад дахь Дональд Трампын үг үйлдэл бидэнд шууд тусдаг болсныг харахад нэгэнт хавтгайрсан дэлхий ертөнцийн нэг хэсэг нь монголчууд гэдгийг байнга сануулдаг олжээ. Үүнийг сүүлийн хэдхэн хоногийн дотор ам.долларын төгрөгтэй харьцах ханш огцом чангарч, өчигдрийн байдлаар 2521 болсноос харж болох юм. АНУ-ын Ерөнхийлөгч протекцианист буюу бусад орны эдийн засгийг дэмжих бодлогоосоо татгалзаж, дэлхийн томоохон гүрнүүдтэй арцалдаж эхэлснээр олон улсын байдалд бараан сүүдрээ тусгаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд АНУ нь Хятадаас 505.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолж байсан бол Хятад 129.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн авч байжээ. Үүний зөрүүгээр АНУ-ын гадаад худалдааны тэнцэл 370 тэрбумын алдагдалтай гарсан байна.

Түүнээс өмнөх 10-аад жилийн хугацаанд ч 300 тэрбумаас доошгүй ам.долларын алдагдалтай ажиллаж байсныг ноён Ерөнхийлөгч олж хараад багагүй бухимдаж, дэлхийд тэргүүлэх өрсөлдөөнд давж гарахын тулд Хятадын экспортод тавих татвараа өндөрсгөж эхэлсэн байдаг. Үүнийг олон улсын шинжээчид Америк, Хятадын “худалдааны дайн” гэж нэрлээд байгаа билээ. Энэ оны нэгдүгээр сарын 22-нд АНУ-ын зүгээс нарны зайны хураагуур, угаалгын машин зэрэг Хятадын бүтээгдэхүүнд 30 хувийн татвар тавьснаар “дайн” эхэлсэн байдаг. Улмаар гуравдугаар сарын 1-нээс импортын ган болон хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулснаар байдал хурцдах шалтгаан болжээ. Үүний хариуд Хятад улс сөрөг арга хэмжээ авч, АНУ-ын 128 нэр төрлийн бүтээгдэхүүнд 2.4 тэрбум ам.долларын татварын тариф тавьснаар харилцааг улам “хүйтрүүлэх”-д хүргэсэн байна. АНУ зургаадугаар сард Хятадын 50 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 25 хувийн тариф /татвар/ тогтоосноор “худалдааны дайн”-ыг улам өдөөж, Хятад ч Америкийн төдий хэмжээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах болжээ. Түүнээс долоо хоногийн дараа 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд нь татвар тогтоохоо АНУ мэдэгдсэн. Үүнийг олон нийтээр хэлэлцүүлсний эцэст энэ сарын 17-нд Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурснаар Хятадын эсрэг “худалдааны дайн” оргилдоо хүрч, байдлыг хурцатгав. 10 хувиар тогтоосон энэ тарифыг 2019 он гармагц 25 хувь болгохоо АНУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор мэдэгдэж, харилцааг улам бүр хурцатгасан ч том гүрний зангаргаа харуулсан хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Ши Жинпин мөн л 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нь 5-10 хувийн татвар тогтоож байгаагаа АНУ-д дуулгалаа. Ийнхүү дэлхийн хоёр их гүрэн харилцан толхилцож, гаалийн татвараа нэмэгдүүлсний уршгаар олон улсын зах зээл дэх үнэ ханш савлаж байна. Энэ нь Хятадын юанийн ханш суларч байгаагар илэрч эхэлсэн боловч үүнийг гадаад худалдааны бодлогоо барьж үлдэх нэг арга гэж “Eagle” телевизийн эдийн засгийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ тайлбарлаж байлаа. Юанийн ханш дээр тоглолт хийж байна гэж үзэх эдийн засагч ч байгаа юм. Энэ он гарсны дараахан ам.доллар, юанийн ханш харьцангуй тогтвортой байсан бол дөрөвдүгээр сараас хойш Хятадын мөнгөн тэмдэгтийн ханш суларч, 1$=6.9 юань болсон байна. Энэ нь юанийн ханш ам.долларын эсрэг 10.8 хувиар суларсан үзүүлэлт юм. Монгол төгрөгтэй харьцах юанийн ханш 383.5 байсан бол өчигдрийн байдлаар 368.5 болжээ. Тухайн үед 2392 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өчигдөр 2521.2 болж өссөн байх юм. Эндээс харвал, манай улс “ногоон” суурьтай эдийн засагтай, үүнээс улбаалан бусад валютын ханш тогтдогийг тодотгож байгаа явдал гэж хэлж болно. Нөгөө талаар том гүрнүүдийн “худалдааны дайн”-аас хамаарч, Монголын зах зээлд юанийн ханш унаж, урд хөршөөс эдийн засаг, худалдааны хараат манай орны хувьд хэсэгхэн зуур ашигтай байх магадлалтай юм. Үүнээс үзэхэд алс холын Америкийн гадаад худалдааны бодлого, Хятадад тавьж буй татварын хориг арга хэмжээ Монголын бага зах зээлд эргэлдэж буй гадаад валютын үнэ ханшид ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Манай эдийн засагт нөлөөлж буй нэг зүйл нь алтны үнэ ханш юм. Энэ оны дөрөвдүгээр сард 1350 ам.доллар байсан алтны ханш багагүй унаж, 1200 орчим боллоо. Үүнийг 12.3 хувийн уналт гэж тооцвол алт олборлогчдын орлого огцом буурч таарна. АНУ-ын эдийн засаг өсөлттэй байвал алтны үнэ буурч, унасан үед өсдөг урвуу хамааралтай металл гэж эдийн засагчид хэлдэг. Тийм ч учраас алтны үнэ Монголд унаж байгаа нь Америкийн эдийн засаг сайн байгааг харуулахаас гадна Д.Трамп Хятадтай “худалдааны дайн” хийхээс айхгүй, худалдааны томоохон хориг тавьсан нь үүнийг баталж байна.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)