Ван И: Төв Азид нөлөөлөх улс төрийн зорилго БНХАУ-д байхгүй
- 2018-09-27
- Дэлхий
- 0
Оросын ТАСС агентлагийн эрхлэгч Андрей Кирилловын Хятадын Гадаад хэргийн сайд ВАН ИТЭЙ хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын хамтын ажиллагааны стратегийн иж бүрэн түншлэл шинэ түвшинд гарлаа. Та ОХУ, БНХАУ-ын харилцааны үндсийг хэрхэн тодорхойлох вэ?
-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад өнгөрсөн зургаадугаар сард оролцсон. Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн үр өгөөжтэй хэлэлцээр хийсэн. Ингэснээр Хятад, Оросын хамтын ажиллагааны стратегийн иж бүрэн түншлэлийн хөгжлийн шинэ эрин эхэлсэн юм. Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын удирдлага дор хоёр улсын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй түвшинд хүрч хөгжлөө. Хоёр орон харилцан хүндэтгэх, эрх тэгш, хамтдаа хожих зарчмыг ашиг сонирхлоо болгосон. Бидний харилцааны хамгийн гайхамшигтай шинж чанар нь гаднын хүчин зүйлээс үл хамааран бат бөх найрамдлыг бүтээх юм. Бид сайн хөрш, дотно найз, найдвартай түншийн харилцан шүтэлцээг бий болгоно.
Хоёр талт форматаас гадна Хятад, Оросын харилцаа нь дэлхийн стратегийн баланс, амар амгалан, тогтвортой байдлыг хангадаг. Манай улс НҮБ-ын дүрмийн зарчим, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалж, улс төрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ шударга ёсыг сахидаг. Манай хоёр улс стратегийн харилцан үйлчлэлд оролцдог НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон. Хятад, Оросын хамтын ажиллагаа мөрийн хөтөлбөрийн дагуу хөгжиж байна. Энэ жил барааны эргэлт 24.8 хувиар өсч 49.15 тэрбум ам.долларт хүрсэн. Удахгүй 100 тэрбум ам.долларт хүрнэ. Хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, нисэх хүчин, сансар судлалын чиглэлээр хамтарсан төслийг эрчимтэй хэрэгжүүлэх болсон. Хамтын ажиллагааны төслүүд нь инновац, хөдөө аж ахуй, цахим худалдааны чиглэлээр хөгжиж буйг дурдах хэрэгтэй. Хятад, ОХУ- ын газрын тосны хоолойн хоёр дахь шугам, "Ямал" технологийн анхны шугамыг ашиглалтад орууллаа.
Системчилсэн байдлаар, урт хугацааны зорчигч тээврийн онгоц, хүнд даацын нисдэг тэрэг зэрэг хамтын ажиллагааны төсал, Казань- Москва чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт, "Приморийн хязгаар-1", "Приморийн хязгаар- 2"олон улсын тээврийн коридор Тунцзян-Нижнеленинскийн төмөр замын гүүр зэрэг дэд бүтцийн төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Эдгээр төсөл нь хоёр улсын ирээдүйн боломж, хамтын ажиллагааны практик чанарыг харуулж байна. Манай улс хийн хоолойн шугамыг зүүн тийш чиглүүлэх, цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах, стратегийн бусад томоохон төслийг хэрэгжүүлэхэд Орос улстай хамтран ажиллахад бэлэн. Үүний зэрэгцээ бид бизнесийн шинэ формат, ялангуяа цахим худалдаа, дижитал эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төсөл санаачилна.
-Чиндаогийн дээд хэмжээний уулзалт ШХАБ-ын чадавхыг нэмэгдүүлсэн. ШХАБ-ын үйл ажиллагааг одоогийн түвшинд үнэлэх боломжтой юу. ШХАБ-д ямар чиглэлээр хамтран ажиллах нь хамгийн ирээдүйтэй гэж та үзэж байна вэ. Энэтхэг, Пакистан улс гишүүнээр элсэн орсноор байгууллагын ойрын ирээдүйд хэрхэн нөлөөлөх бол. ШХАБ Афганистаны асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх үү?
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан цагаасаа хойш 17 жилийн хугацаанд хөгжиж, олон улсын байгууллага, хамтын ажиллагааны шинэ төлөвийг бий болгосон. Чиндаогийн дээд хэмжээний уулзалтаар дараах зүйлсийг тодорхойлсон. Нэгдүгээрт, дэвшилтэт ойлголт. Үүнд ШХАБ-ын гол үзэл баримтлал, улс хоорондын харилцааг бий болгох үндсэн зарчмууд багтдаг. Хоёрдугаарт, үр дүнтэй хамтын ажиллагаа. Хамтын ашиг сонирхлын зарчмаар ШХАБ- ын томоохон хэмжээний хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаа бөгөөд оролцогч улсуудын ард түмэнд бодит үр ашгийг авчирсан юм. Энэтхэг, Пакистан улс элсэн орсноор байгууллага доторх хамтын ажиллагаа шинэчлэлийн хүчээр хөгжиж эхэлсэн. Гуравдугаарт, өргөн хүрээний хэтийн төлөв. ШХАБ нь дэлхийн хамгийн том бүсийн байгууллага болохын хувьд олон улсын болон бүс нутгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гишүүн орнуудын удирдагчид байгууллагын ирээдүйн талаарх төлөвлөгөө боловсруулсан. Энэ нь бүх орны аюулгүй, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн ашиг тусын төлөө ШХАБ-ын цаашдын хөгжлийг дэмжих зорилгоор хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Гишүүн орнуудын хүчин чармайлтаар ШХАБ-ын хамтын ажиллагаа дараах хүрээг хамардаг. Үүнд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, практик хамтын ажиллагааны боломжийг үргэлжлүүлэх, соёл, хүмүүнлэгийн солилцоо, дэлхийн засаглалын оролцоо зэрэг болно. Энэтхэг, Пакистан улс элссэн нь байгууллагын чадавх, эрх мэдлийг бэхжүүлсэн. ШХАБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эсвэл гишүүн болох хүсэл эрмэлзэл олон улсын хэмжээнд нэмэгдэж байна. Мэдээж гишүүнчлэлд элсэх хүсэлтийг гишүүн улсууд зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн шийдвэрлэдэг. Чиндаогийн дээд хэмжээний уулзалтын үеэр ажиглагч орнууд, түншүүд болон бүс нутгийн бусад улстай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцээр хийсэн. Гишүүн улс энхтайван, хөгжлийн нийтлэг зорилгын төлөө байгууллагын олон талт хамтын ажиллагаанд оролцож буй улс орнуудыг татан оролцуулахад бэлэн байна. Афганистанд энхтайван цогцлоох нь бүс нутгийн улс орнуудын нийтлэг ашиг сонирхол билээ. Афганистан улс шиг ажиглагч орнууд бол ШХАБ-ын гэр бүлийн чухал гишүүн юм. Афганистаны нийгмийн хөгжлийг дэмжиж, тухайн улсад энхтайван, тогтвортой байдал, эдийн засгийг сэргээхийн тулд хүчин чармайлт гарган ажиллах болно.
-Та дэлхийн нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлж байна. Олон улсын тулгамдсан асуудлыг зохицуулах талаар БНХАУ ямар гадаад бодлого баримталж байна вэ?
-Олон улсын нөхцөл байдалд өнгөрсөн зуунд байгаагүй өөрчлөлт гарч эхэллээ. Хятад улсын гадаад бодлого эртний уламжлалыг зүүн социалист хүчний зарчимтай хослуулснаараа онцлогтой. БНХАУ төрийн болон дипломат бодлогоо өөрчилдөггүй. Үүнээс гадна шинэ эринд Хятадын онцлогтой давхар зорилго тавьсан. Энэ нь 1.3 тэрбум иргэндээ бүх талаар таатай орчин бүрдүүлэх шинэчлэл хийх, дэлхийн энхтайван, нийтлэг хөгжилд зохистой хувь нэмэр оруулах гэсэн хос зорилго юм. Орчин үеийн сорилтуудаас улбаалан Хятад улс дэлхийн засаглалыг сайжруулахыг илүүд үздэг. БРИКС-ийн орнууд дэлхийн засаглалыг сайжруулах, хувь нэмэр оруулах шинэ арга замыг олох явдал юм. Энэ нь олон талт хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан байх ёстой. Шинэчлэлийг илүү оновчтой, хөгжүүлэх чиглэлээр дэлхийн жишиг тогтоох нь чухал юм.
-Төв Азид нөлөөгөө тогтоох гэсэн Хятад, Оросын "өрсөлдөөн"- ий талаар барууны ажиглагчид ярих боллоо. Эдгээр шинжээчдэд хандан та юу хэлэх вэ?
-Төв Азийн хувьд Хятад улс идэвхтэй, найрсаг, харилцан ашигтай, ил тод гадаад бодлогыг баримталж байна. Бид хөрш орнуудтайгаа сайн хөршийн, түншлэлийн харилцааг хөгжүүлэх бодлого баримталдаг. Ялангуяа Төв Азийн улс орнуудтай “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд нийтлэг хөгжил, ашиг сонирхлын хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Орос улс Төв Азийн орнуудтай эртнээс харилцаатай. Энэ бүс нутагт Орос улс аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүс нутгийн улс орнууд нь Орос улстай харилцах гадаад бодлогыг тэргүүлэх чиглэл болгон авч үздэг билээ. Хятадын тал тэдний харилцааг бүрэн хүндэтгэдэг. Төв Азид нөлөөгөө тогтоох талаар Хятад, Оросын өрсөлдөөн гэж нэрлэх зүйл байхгүй. Зөвхөн хамтын ажиллагаа л бий. Хятад улс худалдаа, эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдал, харилцаа холбоо, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Төв Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа ахиулж ард иргэдийн амьдралын түвшинг сайжруулахын тулд ОХУ-тай түншлэхэд бэлэн байна.
Манай орон Төв Азид онцгой нөлөө үзүүлэх улс төрийн зорилгогүй.
-Хятадын гадаад бодлогын хамгийн түгээмэл сэдэв бол “Нэг бүс, нэг зам” санаачилга юм. Энэ санаачилга бүс нутагт хамтын ажиллагаа, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан уу. "Нэг бүс, нэг зам" санаачилга Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭХ)-г хөгжүүлэх төлөвлөгөөнд хэрхэн нийцэж байна вэ?
-Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам”, “Торгоны зам” санаачилга зам дагуух улс орны хөгжлийн стратегийг нэгтгэх, дэд бүтэц, харилцаа холбоог дэмжих, нийтлэг хөгжилд түлхэц өгөх, олон улсын хамтын ажиллагааны индэр бий болгох зорилготой. Таван жил үргэлжилж буй “Нэг бүс, нэг зам”- ын хүрээнд олон улсын хамтын ажиллагаа эерэг ахиц дэвшилд хүрсэн бөгөөд олон улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн байна. "Нэг бүс, нэг зам" форумыг саяхан зохион байгуулсан ба олон улсын 80 гаруй байгууллага оролцсон.
“Нэг бүс, нэг зам” нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой санаачилга төдийгүй хамтдаа бүтээх, хожих алтан дүрэмтэй. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Евразийн эх газрын хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилтын үндсэнд Москва хотод хамтарсан мэдэгдэл гаргаж “Торгоны зам”, Евразийн эдийн засгийн холбоог 2015 онд байгуулсан. Энэ хүрээнд стратеги, хөгжлийн байгууллагуудыг нэгтгэх, бизнесийн хамтын ажиллагааг тэлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа сайжирч байна.
-Хятад, АНУ-ын худалдааны харилцаа хурцдаж байгаа нь дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байна. Таны бодлоор худалдааны зөрчилдөөний шалтгаан юу вэ. Номхон далай дамнасан түншлэлийн талаарх цогц дэвшилт хэлэлцээрт та ямар хандлагатай байна вэ?
-Хятад, АНУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа 40 жил харилцан ашигтай үргэлжилсэн. Талууд худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр байсныг онцлох хэрэгтэй. Эдийн засгийн хувьд хоёр улс хэдийнэ харилцан уялдаатай болсон. Дэлхийн томоохон эдийн засагтай их гүрнүүдийн хооронд худалдааны маргаан үүсдэг. Гэхдээ АНУ, Хятадын зөрчил, худалдааны маргааныг шийдвэрлэх зөв арга биш. Бид шийдлийг эрэлхийлэх зорилгоор хэлэлцээр хийхийг АНУ- ын талд уриалсан. Америкийн тал ирээдүйн чиглэлийг тодорхойлох ухаалаг сонголт хийх ёстой.
Нээлттэй, олон талт худалдааны системийг хамгаалахад Хятад улс бэлэн. Номхон далай дамнасан орнуудын хамтын ажиллагааны хэлэлцээрийг манай улс дэмждэг. Бид Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцид чухал гишүүн. БНХАУ-ын хүчин чармайлтын ачаар Ази, Номхон далайн бүс нутаг дахь чөлөөт худалдааны бүсийг бий болгох үйл явцыг эхлүүлсэн.
-Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал таагүй байна. Хятад улс хөрш зэргэлдээ Вьетнам, Филиппин, Малайз улстай нутаг дэвсгэрийн маргаанаа хэрхэн шийдэхээр зорьж байна вэ?
-Хятад, Вьетнам, Филиппин, Малайз бол Өмнөд Хятадын тэнгист зэрэгцэн оршдог хөрш улс. Гэтэл Өмнөд Хятадын тэнгисийн маргаан бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах зэрэг олон асуудал дагуулсан. Хятадын тал хөрш орнуудтайгаа найрсаг, сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ирсэн. Нөгөөтэйгүүр БНХАУ нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг тууштай хамгаална. Гаднын өдөөн хатгалгыг Хятадын тал хүчтэй эсэргүүцэж, тогтвортой байдлыг хамгаалахад хүчин чармайлт гаргах болно. Одоохондоо Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал тайван байна. Талууд яриа хэлэлцээр, зөвлөлдөөнөөр асуудлыг шийдвэрлэхэд ахиц гарсан.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)