Оросын Цахиурын хөндий "сколково"

Цахиурын хөндий бол өнөө цагийн дэлхийн технологийн хөгжлийн өлгий болж буй газар. Дэлхийн анхны технопарк буюу технологийн паркийг үсрэнгүй технологийн өлгий нутаг АНУ-ын Калифорни мужийн Цахиурын хөндийд анх байгуулжээ. 1950-ад оны үед Стэнфордын их сургууль санхүүгийн хүндрэлээс гарахын тулд 32 ам дөрвөлжин талбай бүхий эзэмшил газраараа мөнгө олохоор шийдвэрлэснээр энэхүү түүх эхэлдэг. Хэдийгээр энэ газар их сургуулийн өмч байсан ч түүнийг худалдах эрх тус сургуульд байсангүй.

Тиймээс Стэнфордын аж үйлдвэрийн парк байгуулах, байр түрээслүүлэхээр шийдвэрлэхдээ зөвхөн технологийн компаниудад л түрээслүүлнэ гэдэг нэг чухал болзол тавьжээ. Улмаар Стэнфорд төгсөгчид ажилгүй хоцрох, тус сургууль чадварлаг мэргэжилтнээр дутагдахын зовлон үгүй болсон гэдэг. Судлаачдын үзэж байгаагаар чадвартай мэргэжилтнүүд нэг дор цуглаж, эрдэм шинжилгээний төвтэй болсон нь энэхүү хөндийд “Google”, “Apple” зэрэг технологийн аваргууд үүсэх урьдач нөхцөл болсон юм. Калифорни нь Өрсөлдөөнөөс татгалзах тухай хууль үйлчилдэггүй АНУ-ын цорын ганц муж. Дэлхий даяар 700 гаруй технологийн парк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан ОХУ-ын Цахиурын хөндий болох “Сколково” технологийн паркийн талаар өгүүлье.

ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ӨСГӨХ ТЕХНОЛОГИЙН ПАРК

Оросын Засгийн газар Цахиурын хөндий болох “Сколково” төслийг эхлүүлэхдээ Сингапур, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсын технологийн паркийн алдаа оноог судалсан ба дэхийн хэмжээнд өрсөлдөх зорилт тавьжээ. Оросын технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох био анагаах ухаан, эрчим хүчний хэмнэлт, мэдээллийн технологи, телекоммуникац, сансрын технологи болон цөмийн эрчим хүчний чиглэлээрх инновацыг дэмжин ажиллах юм. Москва орчмын Можайск дүүргийн 400 орчим га талбай бүхий энэхүү нутаг дэвсгэрт цогцлох Цахиурын хөндийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энд 15 мянга орчим хүн оршин суухаар төлөвлөж, үүн дээр 7000 хүн Инновацийн төв дэх ажилдаа өдөр бүр ирж байх юм. 2020 он гэхэд хоёр сая гаруй ам метр талбайд үйлдвэр, үйлчилгээ, оффисын болон орон сууцны барилга барьж, Инновацын төвд 35 мянган хүн ажиллана хэмээн тооцоолж байна. Оросын Цахиурын хөндийн хоёр том барилга болох “Гиперкуб”, “Матрёшка”-гаас гадна шинжлэх ухаан, технологийн институтийн зураг төслийг дэлхийн шилдэг архитектурууд гаргажээ. “Сколково” төслийг Оросын эдийн засгийг өндөр түвшинд гаргах шинэчлэлийн шат байхаар тооцон боловсруулсан гэдэг. “Орос оронд эдийн засгаа төдийгүй эдийн засгийнхаа технологийн хөгжлийг ч шинэ шатанд гаргах инновацын цахилгаан шат зайлшгүй шаардлагатай бөгөөд Оросын шинжлэх ухаан дэлхийн шинжлэх ухаантай интеграцчлагдах ёстой” гэж “Сколково” сайтад төслийнхөө зорилтыг тодорхойлсон байна. Оросын Засгийн газрын тэргүүн Д.Медведев “Шинэ арга, технологи боловсруулж үр дүнг нь арилжин борлуулах нөхцөл бүрдүүлнэ” хэмээн томьёолжээ. “Сколково” нь Оросын шилдэг мэргэжилтэн, суут ухаантнуудын гадагш чиглэсэн урсгалыг хаах, хилийн чанад дахь чадварлаг боловсон хүчээ даллан дуудах иж бүрэн цогцолбор болох ёстой аж. Тиймээс “Сколково” хотхонд гэр бүлийнхээ хамт удаан хугацаагаар аж төрөх таатай орчин бүрдүүлэхийн тулд гааль, татвар, визийн гэхчлэн олон төрлийн хөнгөлөлт үзүүлж, орон сууц, нийгмийн цогц үйлчилгээгээр хангах юм байна. Ирээдүйн хотыг төлөвлөхдөө оршин суугчдынх нь ажиллаж амьдрах орчин, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмнэлэг зэрэг үйлчилгээний газрууд хоорондоо хэдхэн алхмын зайтай, хүмүүс нь ихэвчлэн явган эсвэл дугуйгаар зорчихоор тооцоолжээ.

Барилга байгууламжийн хувьд давхар бус авсаархан ч хэд хэдэн үүрэг зэрэг гүйцэтгэхүйц нягтрал сайтай, “ухаалаг”, ашигтай талбай ихтэй байх тул сколковочууд хоногийн цаг хугацаанаас үл хамааран идэвхтэй амьдрах бүхий л боломж бүрдэх аж. Сколковогийн Инновацийн төвийн бүрэлдэхүүнд багтдаг технопарк нь 96300 ам метр буюу хөлбөмбөгийн 12 талбайтай тэнцэхүйц хэмжээтэй гэнэ. “Гиперкуб”-д Сколковогийн түнш дэлхийн том том корпорацийн менежерүүд, төсөлд оролцогч стартап компаниудын төлөөлөгчид, технопаркийн ажилтнууд ажилладаг бөгөөд энд зохиодог арга хэмжээнд оролцогчдод Оросын инновацын орчны хөгжил, шинэ экосистемийн талаар мэдээлдэг аж. “Сколково” технологийн парк пахь Оросын шинжлэх ухаан, технологийн дээд сургуулийг 2011 онд байгуулжээ. Шилдэг мэргэжилтнүүдийг тусгай шалгуураар шүүн элсүүлж, тэднийг технологийн стартапаар сэдэлжүүлэх, инновацын үйл ажиллагааны дадал хэвшилтэй болгоход эндхийн багш нар онцгой анхаардаг байна. Инновацын төвд ажиллаж, амьдрах гол шалгуур нь англи хэлний мэдлэг бөгөөд “Сколково” нь зөвхөн технологийн хөгжил, шинэчлэлийн төв төдийгүй газар газрын эрдэмтэн мэргэжилтнүүд нэгэн дээвэр дор хуран цугласнаар олон үндэстний соёл, уламжлал сүлэлдэн нийлсэн өвөрмөц ертөнц болж байна.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)