Д.Трамп Ким Жон Унтай арваннэгдүгээр сард уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт ирэх арваннэгдүгээр сард болж магадгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ. Бид нөхцөл байдлыг зөв зүйтэй тохируулж, хоёр удирдагчийн уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа гэж тэрбээр мэдэгдлээ. Тэрбээр АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт ирэх сард болох боломжтой ч цаг хугацааны хувьд арваннэгдгээр сард илүү тохиромжтой хэмээгээд дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хийхээр БНАСАУ-д удахгүй айлчилна гэдгээ дурджээ. Солонгосын дайн албан ёсоор дууссан гэж тунхаглах тухай асуудлыг дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэхийг БНАСАУ хүсвэл АНУ хүлээн зөвшөөрөх эсэх тухай тодруулахад М.Помпео хариулт өгөхөөс татгалзсан байна. Харин Цагаан ордны тэргүүн “Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтыг эс тооцвол манай улс Умард Солонгосын талтай өөр ямар нэгэн зөвшилцөх алхмыг хийгээгүй.

Би АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама шиг Умард Солонгост хоригдож байсан иргэдээ суллахын тулд 1.8 тэрбум ам.доллар зарлагадаагүй. Би иргэдээ эх оронд нь эргэн ирүүлснийхээ төлөө юу ч төлөөгүй. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун манай улстай гэрээ байгуулахыг хүсч байгаа. Бид тэднийг зогсоож чадсан. Хоёр улсын харилцаа тун сайн байна. Умард Солонгосын тал цөмийн зэвсгийн үйлдвэрүүдээ хааж байна. Бид цаг хугацаатай уралдахгүй. Энэ үйл явцад хоёр, гурван жил шаардагдах уу, таван сар болох уу гэдэгт онцын ялгаа байхгүй” гэж мэдэгджээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Фокс” телевизэд өгсөн ярилцагадаа “Ким Жон Ун Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгохыг бүрэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Хэрэв АНУ-ын зүгээс арга хэмжээ авч, харилцан итгэлцлийг бий болгож чадвал талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг түргэтгэж чадна. АНУ, БНАСАУ дайсагнах харилцаагаа зогсоож, БНАСАУ-тай шинэ харилцаа тогтоохын тулд хүчин зүтгэнэ гэдгээ АНУ амласан” гэжээ.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)