Эрдэнэтчүүд зөвхөн зэс молибден бус салбарын “гал тогоо“-ныхоо талаар хэлэлцлээ

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийг төгс хослуулж, оновчтой, эдийн засгийн үр ашиг авчирахуйц сайн санал санаачилга, бүтээмжийг дээшлүүлэн техник технологийн өндөр хөгжилд хүрэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр 2013 оноос эхлэн “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв гарагт дөрөв дэх удаа зохион байгуулсан зөвлөгөөн нь тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд менежментийн ухаан, ажлын арга барил, бизнесийн сайжруулалтын тэргүүн туршлагыг хуваалцахад чиглэснээрээ онцлог байлаа. Монгол Улсын уул уурхайн салбарын эрдэмтэн, судлаач инженерүүдийн өргөн бүрэлдэхүүн хоёр өдрийн турш шинэ санаа, мэдлэгийг хуваалцан, бүтээмж, инноваци, оюуны өмчийн чиглэлээр ололт амжилт, хүндрэл бэрхшээл, гарц шийдлээ ярилцсан нь зөвлөгөөний цар хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүлсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсны 40 жилийн ойн босгон дээр бид өнөөдрийн хөгжлийн түвшинд үнэлэлт өгч, цаашдын зорилтоо тодорхойллоо.

Энэхүү үйл явцыг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хэрхэн инновацид түшиглэн хөгжүүлэх талаар уул уурхайн эрдэмтэн, академич, судлаач инженерүүд та бүхний оюун ухаанд тулгуурлан нээлттэй солилцож байна” хэмээсэн нь зөвлөгөөний зорилго, үр өгөөжийг тодотгож өгөв. Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ирүүлсэн илгээлтийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут мэндчилгээ дэвшүүлэн оролцогчдод амжилт хүссэн. Мөн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмч, технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр Академич Г.Чулуунбаатар “Эрдэнэт” үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, төсөв санхүүгийн бүрдүүлэлтэд ямагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, ард түмний сайн сайхан амьдралын нэгэн бодит баталгаа болсон манай уул уурхайн дэлхийд данстай томоохон үйлдвэрийн нэг юм. Шинжлэх ухааны академийн зүгээс тус үйлдвэртэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэж онцоллоо. “Эрдэнэт үйлдвэр 40” сэдвийн дор зохиосон 1000 инженерийн зөвлөгөөн “Тасралтгүй сайжруулалтын тэргүүн туршлага”, “Инноваци-Оюуны өмч” салбар хуралдаанаар үргэлжлэн, дүгнэлт зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг салбар хуралдааны даргалагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт нар танилцуулсан юм. 1000 инженерийн зөвлөгөөний шагнал гардуулах ёслол Эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлийн тэргүүн, дэд байрын шагналыг гардуулснаар эхэлж, шинийг санаачлагч, манлайлагч, өсөх ирээдүйтэй инженер техникийн ажилтнуудын урамшууллаар үргэлжилсэн. Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Инноватор-2018” цомыг шинийг санаачлагч, оюунлаг шилдэг хамт олонд хүндэтгэлтэйгээр гардуулахад Баяжуулах үйлдвэрийн хамт олон тодорлоо. Тус хамт олны санаачлан, хэрэгжүүлсэн “Технологийн схемийг оновчлох замаар металл авалтыг өсгөж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” сэдэвт төсөл ийнхүү 2018 оны “Инновацийн баатар”-аар тодорч, 100 сая төгрөгийн урамшуулал хүртлээ. Энэ үеэр компанийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, “Бидний энэхүү үйл ажиллагаанд салбарын яамны төлөөлөл хүрэлцэн ирж, ач холбогдол өгч буйд талархаж байна. Монголын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн үед тус яамыг удирдаж явсан Хөдөлмөрийн баатар, нэрт геологич, доктор Ч.Хурц болон бусад ахмад ажилтнууд оролцож байна. Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиуд, баялаг бүтээгч, эрдэмтэн судлаачид энд цугласанд олзуурхаж байна. Эндээс харахад, бид энэ удаа зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн зэс молибдений тухай биш салбарын гал тогооны өргөн сэдвийг олон талаас нь үр дүнтэй ярилцлаа. Тодруулбал, төмрийн хүдэр, жонш, металлургийн тухай хэлэлцэж, том утгаараа газрын доорх байгалийн баялгийг газрын гадаргуу дээр гаргаж, үндэсний баялаг болгон хувиргах уурхайчдын хөдөлмөрийн ирээдүйн зорилтыг тодорхойлно. Нөгөө талаар, гарын таван хурууны зарчмаар хийдэг уул уурхайн салбарын геологи, олборлолт, баяжуулалт боловсруулалт, гүн боловсруулалтын технологийн шинэ мэдээлэл, арга туршлага, судалгааны бүтээлүүдийг хурлын үеэр танилцуулсан. Энэ он бол манай үйлдвэрийн хувьд онцлогтой жил. “Эрдэнэт” анхны баяжмалаа үйлдвэрлэж гаргасны түүхэн 40 жилтэйгээ золгож буй. Уул уурхайн салбарын хөгжил дэвшлийн түүчээ болж ирсэн түүхэн замналын ололт амжилтаа бид дүгнэн цэгнэж байна. Мөн цаашдын зорилтоо тод томруунаар дэвшүүлж буй. “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлээ боловсруулан, хэрэгжүүлж байна. Бидний бодлого, хөтөлбөр, төлөвлөлт маш тодорхой. Үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд харилцан уялдаа холбоог илүү нягт нямбай болгохыг зорьж байна. Бид хөгжлийн бодлогоо таван чиглэлээр тодорхойлсон. Техник, технологи, байгаль орчны, мөнгө санхүү, хүний нөөцийн үндсэн таван бодлогын хэрэгжилтийн үйл явц, үр дүнг үйлдвэрийн хэмжээнд биш салбарынхаа өргөн хүрээг хамруулан, мэргэжлийн өндөр түвшинд хэлэлцэж зөвлөлдсөн” хэмээн онцлов.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ ХОСЛУУЛАН АЖИЛЛАНА

Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ахмад геологич Ч.Хурц, “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням нар үг хэлж, уул уурхайн салбарын хөгжил, тулгамдсан асуудал болон ахиц дэвшлийн талаар санал бодлоо хуваалцлаа. “Эрдэнэт үйлдвэр-40” эрдэм шинжилгээний бага хурал уул уурхайн ашиглалт баяжуулалт, Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа, уул уурхайн дэд бүтцийн хөгжил, металлурги, машин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, байгаль орчны тогтвортой хөгжил, оюутны эрдэм шинжилгээний бүтээл зэрэг өргөн дэлгэр сэдвээр үргэлжилж, уул уурхайн салбарын өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн талаар хэлэлцсэн юм. “Эрдэнэт үйлдвэр-40” эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үеэр Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням хэлэхдээ, тэртээ 1975 оны аравдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Сургалтын төв” нэртэй байгуулагдаж байсан мэргэжил сургалтын төв ХЭЛЭЛЦЛЭЭэдүгээ ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болон өргөжиж, Эрдэнэт төдийгүй Монгол орны уул уурхайн салбарт өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэж иржээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн овооны дэргэд эрдмийн овоо хэдийнэ сүндэрлэн боссон гэдгийг доктор С.Давааням онцоллоо. Тус сургууль нь Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл хосолсон үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнөөгийн зорилтоо нийгэм, “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийн шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн таатай орчныг бүрдүүлж, өрсөлдөх чадвартай боловсрол олгох замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах явдал гэж тодорхойлон ажиллаж байна. Уг сургууль түүхэн хөгжлийнхөө хугацаанд нийт 117 мянган инженер техникийн ажилтан, нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэн төгсгөжээ. Тэдгээр төгсөгчдөөс өнөөдрийн Эрдэнэт хотын захирагч, Баян-Өндөр сумын Засаг дарга болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын багийн чадвартай инженерүүд төрөн гарсныг сургуулийн захирал бахархалтайгаар тэмдэглэж байлаа. 2017 оноос Технологийн сургуулийн хамт олон сургалтын үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн, сургалтын хөтөлбөрөө үр дүнд суурилсан хөтөлбөр болгон өөрчлөн сайжруулж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Доктор С.Давааням энэхүү зорилтоо цаашид бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд “Эрдэнэт үйлдвэр 40” эрдэм шинжилгээний хурлын зочид төлөөлөгчдийн үнэтэй санал бодол, зөвлөгөө том байр суурь эзэлж, Эрдмийн овооны хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэж итгэж байгаагаа илэрхийлж байсан юм.

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)