С.Лавров:Украйнд гал зогсоож, олон хүний амийг аврах нь чухал
- 2018-10-01
- Дэлхий
- 0
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73 дугаар чуулганд оролцож, илтгэл тавьжээ. Тэрбээр Украин, Сири, нацизм, Евразийн асуудлаар голлон ярьсан байна. С.Лавровын илтгэлээс олон улсын тулгамдсан зарим сэдвийг онцлон тоймлоё.
МИНСКИЙН ГЭРЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЬЕ
Минскийн гэрээг бүрэн дүүрэн, тууштай хэрэгжүүлэхийг Оросын Гадаад хэргийн сайд уриалав
. Тэрбээр “Украины мөргөлдөөний гол хүчин зүйлийн нэг бол Минскийн хэлэлцээрийн хэрэгжилт юм. Украины мөргөлдөгч талуудаас энэ хэлэлцээрийг сахин мөрдөхийг НҮБ шаардах хэрэгтэй. Украины Засгийн газар эрс үндсэрхэг болон неофашист үзэлтнүүдийг өөгшүүлж байна. Украины өнөөгийн нөхцөл байдлыг 1999 оны Белградын дэлбэрэлттэй харьцуулж болно. Украинд гал зогсоох гэрээг яаралтай байгуулж, аль болох олон хүний амийг аврах хэрэгтэй гэж онцолсон байна.
НАЦИЗМЫГ АЛДАРШУУЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙНА
НҮБ-ын Ерөнхий ассамблейн нацист үзэл, суртлын эсрэг тогтоолыг дэлхийн улс орнууд ажил хэрэг болгохыг С.Лавров санууллаа. “Нацист тахлын эсрэг вакциныг хүн төрөлхтөнд тарих цаг болжээ. Харамсалтай нь, хэд хэдэн улс оронд нацизмыг өөгшүүлж, дэлгэрүүлж байна. Энэ үзэл хэт дэлгэрвэл ямар хор уршиг дагуулдгийг түүх гэрчилнэ” гэжээ. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд “Европын зарим оронд Зөвлөлтийн соёлын дурсгалт зүйлсийн эсрэг тэмцэх, хөшөө дурсгалыг нураах үзэгдэл газар авлаа. Уг бусармаг үйлдлээ үндэсний үзэл гэсэн зүй бус шалтгаар тайлбарладаг. Энэ бол нацизмыг алдаршуулж буй хэрэг. Тиймээс хэт үндсэрхэг үзэл болох нацизмыг таслан зогсоохыг хамтын нийгэмлэгийн орнуудад уриалж байна” хэмээв. КОСОВОГИЙН ХЯМРАЛ Орос улс Косовогийн хямралын талаар Сербийн байр суурийг хүлээн зөвшөөрөх болно. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1244 тоот тогтоолд заасны дагуу Белград, Приштинийн яриа хэлэлцээрийг дэмжинэ. Харамсалтай нь, Европын холбоо Белград болон Приштинийн хооронд зуучлагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тиймээс Европын холбоо тууштай арга хэмжээ авч Сербийн итгэлийг дахин олж авах хэрэгтэй. Серби, Косовогийн асуудалд гуравдагч орон оролцвол ОХУ зүгээр өнгөрөхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. “ОХУ-ын Засгийн газар Сербийн түншийн харилцаанд ямар ч болзол тавихгүй бөгөөд Европын холбоонд элсэн орох үйл явцад ахиц гаргахыг хүсч байна. Сербийн гадаад болон дотоод бодлогод ОХУ саад учруулахгүй. Серби цэргийн хувьд төвийг сахих байр суурьтай байгаа нь Балканы бүс нутгийн тогтвортой байдалд чухал нөхцөл болно. Үүнтэй адил Палестин, Израилийн хямралыг шийдвэрлэхдээ аль нэг улсын давамгайлалд автаж болохгүй” гэж С.Лавров мэдэгдлээ.
СОЛОНГОСЫН ХОЙГ ДАХЬ ЭЕРЭГ ДИНАМИКИЙГ ДЭМЖИХ
“Пхеньян болон Сөүлийн эрх баригчид найрсаг харилцаагаа сэргээж байгаад баяр хүргэе. Энэ үйл явцыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс дэмжих хэрэгтэй. Солонгосын хойгт энхтайван тогтнож, нэг үндэстний хоёр улс найрсаг харилцаатай байхыг Оросын Засгийн газар дэмжинэ. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын механизмыг урт удаан хугацаанд бий болгоход чиглэсэн олон талт үйл явцыг яаралтай эхлэх хэрэгтэй” хэмээн Оросын Гадаад хэргийн сайд мэдэгджээ.
СИРИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ
Сирийн дэд бүтцийг сэргээх, дүрвэгсдийг эх оронд нь буцаах үйл ажиллагаа бол НҮБ-ын тэргүүлэх чиглэл болох ёстойг С.Лавров онцоллоо. Тэрбээр “НҮБ-ын системийн олон улсын хүчин чармайлт, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд Сирийн асуудлыг үийдвэрлэх давхар стандарт тогтоох хэрэгтэй. Террористуудын үйл ажиллагааг дэмжих, химийн зэвсэг ашиглах, гэнэтийн дайралт хийх зэрэг Сирийн ард түмний эсрэг чиглэсэн үйлдэл хийхгүй байхыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалж байна” хэмээжээ.
ИРАНТАЙ ЦӨМИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХИЙГ ХҮСЧ БАЙНА
“ОХУ Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хамтын цогц төлөвлөгөөг хадгалахын тулд чадах бүхнээ хийх болно. Үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг Ираны тал чанд сахидаг. Иран улс одоогоор АНУ, Европын нутагт цохилт өгөх пуужингийн хүчин чадалгүй. Румын, Болгар улс АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг нутагтаа байрлуулах талаар хэлэлцэж байгаа. Энэ систем нь Ираны баллистик пуужингийн болзошгүй халдлагаас сэргийлэх зорилготой гэж АНУ-ын эрх баригчид мэдэгддэг юм. Хар тэнгисийн бүс нутагт АНУ-ын пуужин амдан сөнөөгчийг байрлуулах төлөвлөгөө нь Москвагийн эрх баригчдаас ихээхэн шүүмжлэл хүлээдэг билээ. “Цөмийн зэвсэг бүтээхээр Иран улс цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа” гэж Өрнөдийн орнууд сэжиглэдэг ч Тегераны эрх баригчид “Энхийн зорилгоор хөтөлбөрөө хэрэгжүүлдэг” хэмээн мэдүүлдэг юм. Орос нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Асуудлыг хүчээр шийдвэрлэх нь хүлээн зөвшөөрөмгүй өдөөн хатгасан үйлдэл болно. Олон улсын атомын энергийн агентлагтай Иран дорвитой хамтран ажиллахгүй байгаа тул Аюулгүйн зөвлөл тус улсад шинэ хориг арга хэмжээ авах тухай хэлэлцээг эхлүүлж болох юм” гэж Сергей Лавров мэдэгдсэн байна.
ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх конвенцийг боловсруулах шаардлагатайг Оросын Гадаад хэргийн сайд онцлоод “Кибер гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрс ихэслээ. Москвагийн зүгээс олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлаар НҮБ-д 20 жилийн өмнө ярилцлага хийсэн. Бид цахим гэмт хэрэгтэй тэмцэх талаар Ерөнхий Ассамблейн нэгдүгээр хороонд танилцуулга хийх болно” гэжээ.
ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Евразийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн холбоо байгуулсан нь барууны ажиглагчдын хардалтад өртсөн. Энэ талаар тус улсын Засгийн газрын гишүүн Сергей Лавров “Манай улс НҮБ, Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ, БРИКС зэрэг томоохон талбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Евразийн эдийн засгийн холбоог сайжруулснаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой” гэжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)