Палестинчууд Вашингтоныг шүүхэд өглөө

Палестин улс АНУ-ыг НҮБ-ын Олон улсын шүүхэд өгчээ. АНУ Израиль дахь Элчин сайдын яамаа Тель-Авив хотоос Иерусалим хот руу энэ онд нүүлгэсэн билээ. Иерусалим хотын тусгай статусыг авч үзвэл, Вашингтоны энэ шийдвэр дипломат ёсны тухай олон улсын Венийн тунхаглалыг ноцтой зөрчиж байна гэж палестинчууд үзэж байна. Тиймээс олон улсын байгууллагад хандаж, АНУ-ыг Иерусалим хотоос Элчин сайдын яамаа нүүлгэж, олон улсын хууль дүрмийг дагахыг Палестины тал шаардсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сарын 14-нд Иерусалим хотын Арнон дүүрэгт өмнө нь АНУ-ын Ерөнхий Консулын газар байрлаж байсан барилгад АНУ-ын Элчин сайдын яамыг нээсэн. АНУ Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэхээр шийдвэрлэсэн нь Иерусалим хотыг Израиль улсын нийслэлээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм. Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийн дараа Палестины эрх баригчид баасан гарагийг “Харууслын өдөр” болгон зарласан.

Энэ өдөр палестин иргэд, израиль цэргүүдийн хооронд дахин мөргөлдөөн дэгдэж, олон хүний амь эрсэдсэн. Олон улсын нийгэмлэг ч Вашингтоны шийдвэрийг тухайн үед эсэргүүцэж байлаа. Иерусалимыг Израилийн нийслэл хотоор зөвшөөрсөн Дональд Трампын шийдвэр Ойрхи Дорнодын маргааныг хурцатгасан. 20 жилийн турш түдгэлзэж байсан бодлогыг америкчууд дэмжсэн явдлыг Израиль улс мэдээж баяртай хүлээн авсан, харин Арабын ертөнц, исламын шашинт бусад орон эсэргүүцсэн юм. Америк, Израилийг эсэргүүцсэн жагсаал Ази, Европын олон оронд, тэр дундаа Иордан, Египет, Иран, мөн исламын шашинт Малайз, Бангладеш, Индонез улсад олныг хамарсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн яаралтай хуралдаан хийж, АНУ-ын шинэ бодлого НҮБ-ын тогтоолыг зөрчиж байгааг гишүүн орнууд мэдэгдсэн. Гэвч Вашингтон шийдвэрээсээ буцаагүй юм.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)