Ж.Сауле: Ургац хураалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж бүрдсэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетэй ярилцлаа.

-Өнгөрсөн сард цаг агаар цочир хүйтэрч, цас орсны улмаас тариалангийн салбар хүнд байдалд орсон. Одоо нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар байсан юм. Гэвч энэ жилийн хувьд тавдугаар сард хур тунадас багатай, зургадугаар сараас эхлэн Хөвсгөл, Булган, Увс аймгийн нутгаар хур тунадас орж, таримлын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлж эхэлсэн ч тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 5-ныг хүртэл гандуу байсан нь ургацын төлөв болон болцод сөрөг нөлөө үзүүллээ. Түүнчлэн найм, есдүгээр сард хур тунадас ихтэй, сэрүүн байсан нь ургацын болц, жигдрэлтэд  мөн л сөргөөр нөлөөлөв. Үр тарианы хураалтын ажил есдүгээр сарын 15-наас эхэлсэн ч өнөөдрийг хүртэл 1-2 хоног бүтэн ажиллаж чадахгүй байлаа. Тиймээс ургац хураалтын ажил удаашралтай байна.

-Ургац хураалт хэдэн хувьтай байна вэ. Энэ са-рын сүүлээр ихэнх нутгаар хүйтэрнэ гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байсан. Хүйтрэхээс өмнө ургацаа хурааж дуусах уу?

-Улсын хэмжээнд есдүгээр сарын 30-ны байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо хураан авснаар үр тарианы хураалт 22.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт хэвийн буюу 81.1 хувийн явцтай байна. Ургац хураалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж бүрдсэн.

-Хэр их ургац алдсан бэ. Тариаланчдыг дэмжих талаар яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн сарын 18-20-нд орсон цасанд нийт 80 мянган га орчим талбай өртөж, тариа налсан ч өнөөдрийн байдлаар цас бүрэн хайлж хураалтын ажил эхэлж байна. Хүндрэлийн улмаас тодорхой хэмжээний хорогдол гарахыг үгүйсгэхгүй. Урьдчилсан балансаар 17.6 мянган га талбай тэжээлд шилжихээр байсан бол одоо тэжээлд шилжих талбайн хэмжээ 30 мянган га-гаар нэмэгдэхээр байна. Тиймээс улсын нөөц болон аймаг сумдын аюулгүй нөөцөд ногоон тэжээл худалдаж авах үүрэг чиглэлийг аймгийн Засаг дарга нарт хүргүүлж байна. Улмаар цаг агаарын төлөв байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг богино хугацаанд  шуурхай зохион байгуулах зорилгоор Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа.

-Шатахуун зээлээр олгож байгаа гэсэн үү?

-Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг эрчим-жүүлэх, хаягдлыг багасгахад дэмжлэг үзүүлж, шаардагдах шатахууныг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож байгаа.  Үүнээс гадна налсан тариа хураах иш өргөгчийн захиалгыг орон нутгаас авч, ОХУ-аас авах болон дотооддоо хийж, одоогоор 1500 орчмыг нийлүүлээд байна.

-Үр тариаг хатааж болно гэж байсан. Ийм боломж байгаа юу?

-Энэ намар хур бороо ихтэй, сэрүүн байгаа тул хураан авч буй үр тарианы ургац үтрэм дээр 17-20 орчим хувийн чийгтэй бууж байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд өөрсдийн үтрэмийн машин, техникийн боломжоороо чийгийг 16 хувь хүртэл буулгаад гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлж эхлээд байна. Энэ   жил   Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарууд хатаах төхөөрөмжөө засварлаж хүчин  чадлыг нь нэмэгдүүлсэн тул 19 хүртэл хувийн чийгтэй буудайг ямар ч асуудалгүй авч байгаа. Цас, бороо орсны  зэрэгцээ хүйтэн сэрүүн байгаа тул ангилан хадаж мөрөлсөн тарианы хаталт удаан байна. Зарим аж ахуйн нэгжүүд мөрөлсөн тариаг эргүүлж хатаах арга хэмжээ авч байна. Гэхдээ аравдугаар сарын эхний 10 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуухан, дулаахан байх төлөвтэй байгаа тул мөрөлсөн тариаг бүрэн хураах боломжтой гэж үзэж байна.

-Үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангахад хүндрэлтэй болсон байх?

-Ургацын  урьдчилсан балансаар төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 56 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой гэсэн үзүүлэлт  гарсан байсан. Цаг агаарын хүндрэлтэй холбоотой буудайн ургац бага хэмжээгээр буурах магадлалтай байна. Харин төмс, хүнсний ногооны хувьд балансаар тогтоогдсон ургацаа бүрэн авах боломжтой.

-30 мянга га талбайг тэжээлийн бэлтгэлд шилжүүлнэ гэдэг бага үзүүлэлт биш. Өмнө нь ОХУ-аас улаан буудай авч, дотоодын хэрэгцээгээ хангана гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Импортоор   хүнсний буудай авах асуудлыг   одоо   ярих   цаг   нь биш. Бид ургац хураалтын ажлаа дуусгаад нийт хураан авсан буудайн хэмжээ, үүнээс гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн буудай болон хүн амын хэрэгцээнээс дутагдах буудайн тоо хэмжээг тодорхой гаргаж байж дутагдах буудайг импортлох асуудлыг  ярина.

-Өнгөрсөн хавар Засгийн газраас тариалан-гийн бүс нутгийг тогтоосон. Үр дүн нь ямар байна вэ?

-Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг үндэслэн эхний ээлжид Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Архангай,   Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалан бүхий 60 сумын 113 багийн нутгийг хамруулан Тариалангийн бүс нутгийг тогтоосон. Цаашид орон нутгийн санал, хүсэлтийг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоох ажлыг үргэлжлүүлнэ.

Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн хүрээд тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдэж, хөдөө аж ахуйн салбар нь жинхэнэ утгаараа “Хүнс экспортлогч улс” болох зорилт хэрэгжинэ гэж үзэж байна. Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаас эхлэн талбайг хашаажуулах ажлыг эхлүүлж, тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийт  4.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 430.5 километр хашаа барих ажил хийж байна.

-Тариалангийн талбайн хөрс доройтолд орсон гэдэг шүү дээ. Цаашид шинээр тариалалтын бүс нутаг тогтоох уу?

-Яамны захиалгаар 2010 онд тариалангийн талбайн хөрсний үржил шимийн  иж бүрэн шинжилгээ хийлгэсэн. Уг шинжилгээгээр тариалангийн талбайн хөрсний     60 орчим хувь нь үржил шимийн доройтолд орсон гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс бид Тариалангийн тухай хууль болон бусад эрх зүйн актуудад тариалангийн газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, иргэд нь хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулах, таримлын зөв оновчтой сэлгээг нэвтрүүлэх, бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг хийхээр төлөвлөгөөнд тусгасан. Түүнчлэн тариалангийн талбай эзэмшигч аж ахуйн нэгж, иргэд нь хөрсний үржил шимийн  шинжилгээг өөрийн зардлаар таван жил тутамд хийлгэж байхаар хуульчилсан. Харин   хөрсний үржил шимийн доройтолтой холбоотойгоор шинээр тариалангийн бүс нутаг тогтоох тухай асуудал өнөө маргаашдаа яригдахгүй.

-Удахгүй өвлийн улирал эхэллээ. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэр ахицтай байна вэ?

-Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэхээр сайдын зөвлөм-жийн дагуу орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” нэгдүгээр албан даалгаврын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар “Цахим хурал” зохион байгуулсан. Уг хурлаар өвөлжилтийн бэлтгэлийн талаар аймгийн удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Аймгийн Засаг дарга нар сумдад хадлан, гар тэжээл, хужир шүү бэлтгэх албан даалгавар хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байгаа. Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын нөөц сангаас хуваарилсан зун, намрын отор нүүдэл хийх, малчдын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг ажилд зориулах 900 сая төгрөгийн санхүүжилт одоог хүртэл аймгуудад олгогдоогүй байгаа. Уг санхүүжилтийг олгох асуудлыг Сангийн   яамтай хамтран зохицуулахаар ажиллаж байна. Засгийн газрын тогтоолоор аймаг, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл  бэлтгэх тоог баталсан. Одоогоор энэ ажил үнийн санал авах шатанд байна. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах, сахилга хариуцлагыг өндөржүүлэх ажлын явцтай танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх зургаан ажлын хэсэг байгуулж, 18 аймагт ажиллуулах шийдвэр гаргасан.

-Жил бүр бэлчээрийн даац хэтэрсэн асуудал яригддаг. Отрын бүс нутгийн өвөлжилтийн бэлтгэл болоод бэлчээрийн даацын талаар мэдээлэл өгнө үү?

-Өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолсон дүнгээс харахад нийт нутгийн 60 гаруй хувьд малын өвөлжилт, хаваржилт хэвийн байхаар гарсан байна. Харин нутгийн 40 гаруй хувьд нь бэлчээрийн хүрэлцээ муу байгаа. Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Баянхонгорын ихэнх, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн зарим сумын нутгаар бэлчээрийн   даац хэтэрсэн,  мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй. Тиймээс отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээлийг хангалттай бэлтгэх, өвөлжих малын тоог бууруулах зөвлөмжийг орон нутагт өгөөд байна. Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтож, бороо их   орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон ургац ахиу гарсан. Энэ нь бэлчээрийн даацад сайнаар нөлөөлсөн. Бэлчээрийн   ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулснаар энэ онд 16 аймгийн 750 мянган га талбайг эргэлтэд орууллаа. Ашиглахгүй байгаа нөөц бэлчээрийг ашиглах, гантай байсан аймгуудад усан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 93 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргах ажлыг зохион байгуулж, одоо ашиглалтад оруулж байгаа.

-Сүүлийн хоёр жил нийт нутгаар малын гоц халдварт шүлхий өвчин их гарлаа. Энэ өвчнөөс сэргийлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ. Шүлхийн вакцины нөөц хэр байгаа бол?

-Он гарснаас хойш 13 аймаг, нийслэлийн 56 сум, дүүрэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн. Нийт 709 өрхийн 11190 толгой мал эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, 5567 толгой малыг зориудын устгалд хамруулсан. Энэ сарын 1-ний байдлаар хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа сум байхгүй байна. Улсын хэмжээнд шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг худалдан авалтаар 7.2 сая тун, буцалтгүй тусламжаар 1.6 сая тун хүлээж аваад байгаа. Уг вакцинаар давхардсан тоогоор 20 аймгийн 160 орчим сумын есөн сая толгой малыг дархлаажуулалтад хамруулсан. Вакцины нөөц өнөөдрийн байдлаар нийт 1.755 мянган тун хадгалагдаж байна. Үүнээс зүүн болон төвийн бүсийн эрсдэл бүхий аймгууд, мөн вакцины дархлааны хугацаа дуусч байгаа аймгуудын мэдрэмтгий 2.5 сая толгой мал сүрэгт дархлаажуулалтыг хийхээр төлөвлөсөн.

-УИХ-аас Малын эрүүл мэндийн тухай хууль болон Генетик нөөцийн тухай хуулиудыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Харин хуулийн хэрэгжилтийг хангалтгүй байгааг холбог-дох албаныхан шүүмжилж байна лээ. Яамны зүгээс хуулийн хэрэгжилтэд анхаарч байна уу?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах төлөвлөгөөг сайдын тушаалаар батлуулсан. Бид хэрэгжилтийг ханган ажиллаж байна. УИХ, Засгийн газрын тогтоолоор Мал эмнэлэг, үржлийн газрыг татан буулгаж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр байгуулсан. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан гарах Засгийн газрын есөн тогтоол, захиргааны хэм хэмжээ тогтоох 24 журмын төслийг боловсруулж, яам, агентлагийн цахим хуудаст байршуулан санал авах, олон нийтээр хэлэлцүүлэх, батлах, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх ажил хэрэгжүүлж байна.

Үндэсний шуудан сонин

Б.Цэнд-Аюуш

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.23.203)

    2018-10-05

    Жинхэнэ сайд байх хүн.

  • Малчин (103.9.88.162)

    2018-10-05

    Энэ эмээг тэтгэвэрт нь гаргаад ХАА мэргэжлийн хүн тавихгүй бол ХАА салбар дампуурч дууслаа

  • Зочин (103.14.36.6)

    2018-10-05

    Дайчин ажлаа мэддэг бүсгүй. Ийм сайд олон байгаасай