Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага тооцуулах шаардлагатай гэв
- 2018-10-09
- Орон нутаг
- 0
Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хүргүүллээ.
Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан нь иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг хянан шалгалаа.
С.Баярсайхан нь тус аймгийн төвд сумын соёл урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж “Шижир Аранжин” ХХК-иас 10 сая, Баянхонгор хайрхан уулын тахилгын арга хэмжээнд зориулж “Сод Мичид” ХХК-иас 300 мянга, “Монгол болгар гео” ХХК-иас 150 мянга, тус сумын “Хөгжлийн төвийн барилга”-ын засвар үйлчилгээний зардалд зориулан “Хонгор Манхан” ЗБН-өөс 15 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг тус тус авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Иймд дээрх зөрчлийг гаргасан С.Баярсайханд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас хүсэв.
Түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохдоо Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, цаашид уг зөрчлийг давтан гаргуулахгүй байх, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Сэтгэгдэл (0)