Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Тариан толгой бөхийдөгөөс тариаланчдын толгой бөхийдөггүй"
- 2018-10-11
- Байгаль орчин
- 0
Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн талбайгаар ажиллаж, тариалан эрхлэгчидтэй уулзан, хаврын тариалангийн үeэр ажилласан томилолтын үр дүнгээ шалгасны дараа ажлаа дүгнэн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Тариан толгой бөхийдөгөөс тариаланчдын толгой бөхийдөггүй гэдэг. Энэ бол үнэн үг. Тариаланчид ямар ч хүндрэл бэрхшээл тохиосон зориг хүч хөдөлмөрөөрөө давж гарч чаддаг. Ургац хураалт хоцрогдолтой явж байгаа ч өдөр шөнөгүй ажиллаж байна. Улс орноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд гар биe зүтгэж байгаа нийт тариаланч, ногоочиддоо баярлалаа. Монгол Улсын гурван сая гаруй иргэнийг тэжээх тариалангийн талбай нийт газар нутгийн 0.5 хувийг л эзэлдэг. Энэ газар нутгаа хамгаалж байж ирээдүйд бидний идэх хүнс, цаашлаад тусгаар тогтнол хамгаалагдана.
Тиймээс Засгийн газар шийдвэр гаргаж Тариалангийн бүс нутгийг тогтоосон. Одоо тариалангийн талбайгаа хашаажуулах хэрэгтэй. Салбар яам санаачлагатай, эрчимтэй ажиллаж энэ онд 450 км хашаа татахаар эхэлсэн байна. Тариаланчид төрийн бодлого, шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа хэлж байна. Харин боловсон хүчин дутмаг, ажил хийх залуус олдохгүй байгаа талаар хөндөж байна. 89 настай гавьяат агрономич тариан талбайн дээрээ ажиллаад гүйж байхад 30 мянган төгрөг өдөрт олгоё гэхэд ажиллах хүн олдохгүй байна гэж байгааг сонсох үнэхээр ичгэвтэр байсан. Мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин энэ салбарт үгүйлэгдэж байна. Тиймээс Засгийн газар шийдвэр гаргаж МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн урамшууллыг ирэх оноос олгох боллоо. Мөн МСҮТ-ийг бэхжүүлэх, төрөл мэргэжлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Монгол Улс дотооддол ургасан, үйлдвэрлэсэн эрүүл хүнсээр 100 хувьд хэрэгцээгээ хангах нь бидний зорилт. Цаашлаад хүнсээ экспортод гаргаж чадвал нэг тэрбум ам.долларын ашиг орлого олох боломж бий" хэмээлээ.
Eрөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нарын тариалангийн бүс ажилласан томилолт Төв аймаг дахь Хүлэмжийн үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгчидтэй уулзалт хийснээр өндөрлөлөө. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тухайд, нарийн ногоо, жимсний 90 хувийг импортоор оруулж ирдэг. Тиймээс энэ хэрэгцээг дотооддоо тарьж ургуулах, жилийн дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэхэд цахилгаан их шаардагддаг учир цахилгаан, дулааны тарифын хөнгөлөлт олгох, олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг Eрөнхий сайдад уламжилж байв.
Газар тариалангийн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэн нийлүүлэхэд төр бодлогоор дэмжихээс гадна энэ намрын ургац хураалтад оюутан, цэргүүдийг дайчлах асуудлыг маргааш /2018.10.10/Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)