Цахилгаан машин агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна гэжээ
- 2018-10-13
- Дэлхий
- 2
Цахилгаан машины үйлдвэрлэл, хэрэглээ өссөнөөр сайн, муу үр дагавар аль аль нь гарч байгаа. Гэхдээ сул талыг нь хэн ч анзаарахгүй байна хэмээн "Forbes" сэтгүүл онцолжээ. Цахилгаан машины зах зээл дэлхий нийтэд хамгийн хурдан өсөлттэй байгаа. Тухайлбал, 2017 онд АНУ-д цахилгаанаар ажилладаг машины худалдаа бараг 30 хувиар нэмэгдэн 200 мянгад дөхөж очжээ. АНУ-д бензиний үнэ хамгийн хямд байдаг ч хүмүүс цахилгаан машиныг сонгох болсон байна.
Дэлхийн улс орнуудын засгийн газар цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх олон төрлийн арга хэмжээ авч байгаа. Үүний үр дүнд хүмүүс уламжлалт түлш шатахуун хэрэглэдэг машинаас татгалзах болжээ. Хятад, Энэтхэг, Их Британи, Франц, Нидерланд зэрэг олон улс томоохон хотуудаа бензин болон дизель түлш хэрэглэдэг автомашинаас чөлөөлөхөөр зорьж байгаа аж. Энэ талаар Норвеги улс бусдадаа үлгэр жишээ болжээ. Өнгөрсөн онд тус улсад зарагдсан бүх машины гуравны нэг нь цахилгаан машин байжээ.
Цахилгаан машин үйлдвэрлэгчдийн хувьд нэг удаагийн цэнэгээр явах замыг нь байнга нэмэгдүүлэхээс гадна үнийг нь тогтмол буулгаж байхыг хичээх болсон байна. 2040 он гэхэд цахилгаан машины худалдаа 54 хувиар нэмэгдэх ба дэлхийн бүх машины 33 хувь нь цахилгаан машин болсон байна гэж мэргэжилтнүүд таамаглаж буй. Цахилгаан машин мэдээж олон давуу талтай. Бас сөрөг тал ч бий. Тухайлбал, цахилгаан машины хэрэглээ өссөнөөр цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Дэлхийн олон орон цахилгаан эрчим хүчийг голдуу нүүрсний цахилгаан станцаас гаргаж байгаа. Цахилгаан машиныг бүрэн цэнэглэхэд бүтэн шөнийг зарцуулдаг байна. "New York Times" сонины судалгаагаар цахилгаан машинууд өрхийн цахилгааны хэрэглэгээг 50-иас дээш хувиар нэмэгдүүлэх ажээ. Арван цахилгаан машин тутмын 6 нь нүүрсээр үйлдвэрлэсэн эрчим хүчний эх үүсвэрээс тэжээгдэж байгаа гэнэ. БНХАУ-д бензин, дизель хөдөлгүүртэй бүх машиныг цахилгаан машинаар солино гэсэн зорилт тавьсан ч энэ нь нүүрсний хэрэглээг нэмэгдүүлнэ гэдгийг ажиглагчид хэлж байгаа аж. БНХАУ эрчим хүчнийхээ 70 хувийг, Энэтхэг 75 хувийг нүүрсний цахилгаан станцаас гаргадаг.
Цахилгаан машинууд хүн төрөлхтний цахилгааны хэрэглээг улам өсгөнө. Энэ нь нүүрс, хийгээр үйлдвэрлэх цахилгааны жилийн хэрэглээг 1-3 хувиар өсгөсөөр байх болно гэж "Forbes" сэтгүүл дүгнэжээ. Өөрөөр хэлбэл цахилгаан машины хэрэглээ хэт өсөх нь агаарын бохирдлыг нэмэгдүүлнэ гэсэн үг.
Сэтгэгдэл (2)
(85.170.131.47)
minii MONGOLD tun ashigtai shuu gaigui dee amidral saihan boloh udur ireh
(202.9.42.58)
nuurs hyamdrahgui ulam uned oroh um baina..