Малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөж, өндөр үр ашигтай экспорт хийх нь зүйтэй

"Монгол экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Экспортын тулгамдаж буй асуудал" хэлэлцүүлэг "Хүнсний салбар (мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ)-ын экспортыг нэмэгдүүлэх боломж сэдвээр өрнөж, олон шинэлэг асуудлууд дэвшүүлэн тавилаа. ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Ононы хувьд хүнсний салбар, хүнсний экспортын талаар суурь мэдээлэл өгсөн.

2018 оны долдугаар сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642,5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь өнгөрсөн сараас экспортын хэмжээ 2651.5 тонноор өсөж, орлого 14,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд сард дунджаар 3281.5 тонн мах экспортолж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, адууны махны экспорт 1.4 дахин, хонины болон ямааны мах 4.3 дахин, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 7.1 дахин их буюу дунджаар 2,6 дахин нэмэгджээ. Ийнхүү махны экспорт нэмэгдсэн нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох Засгийн газрын бодлогын үр дүн гарч, “Мах, сүүний анхдугаар аян” амжилттай хэрэгжиж буйн илрэл гэж үзэж байна.  

Махны экспорт гэж ярихаар тоо, хэмжээ биш үнэ цэнийн асуудалд анхаарах нь чухал гэсэн байр суурийг салбар яам илэрхийлсэн. Гол нь бэлчээрийн, органик, маш сайн чанар, амттай мах гэдгийг олон улсад таниулж, бага хэмжээтэй ч өндөр ашиг хүртэх экспорт хийх нь зүйтэй гэв.

Энэ хэсгийн хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүнсний аюулгүй байдал, хангамж, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батбаатар удирдсан юм. 

Хэлэлцүүлэгт малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын талаар ярилцсан. Тэр дундаа махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангаж, малын өвчингүй хорио цээрийн бүс байгуулах шаардлагатай гэдгийг Монголын махны холбооны төлөөлөл хэлсэн. Мөн мал, мах тэвээрлэх авто зам, боомтын дэд бүтцийг сайжруулах, импортлогч орны итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх, махны экспортод зориулж, тусгай, хөнгөлөлттэй зээл олгох, бусад улстай хамтарсан үйлдвэр байгуулах, махны экспортод тавих хяналтыг сайжруулахын сацуу дотоодын зөвшөөрөл, гаалийн бүрдүүлэлт зэрэг ажилд хугацаа алддаг байдлыг арилгах, нэг цонхны бодлого хэрэгжүүлэх, дөрвөн улиралд тогтмол шинэ мах нийлүүлэх нөхцөл бүрдүүлэх, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийг нэмэх зэрэг олон зохицуулалт хэрэгтэй байгааг Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат үзэж байна.


Ургамлын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин хангалтгүй байгааг Монголын жимс жимсгэний үндэсний холбооны төлөөлөл хэлж байна. Манай улсын хувьд чацаргана, нэрс, аньс, хушга зэрэг жимс жимсгэнэ, гурвалжин будааны таримал, малын тэжээл тарьж экспортлох боломж бий гэлээ. Гэхдээ дотоодын хүн амын хүнсний хэрэгцээнд ч гэсэн шим, тэжээлийг нөхөх ургамлын гаралтай тэр дундаа байгалийн гаралтай жимсийг хэрэглэж хэвшүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцолсон.

Экспортын нэг бүтээгдэхүүн чацарганыг боловсруулж, хүнс, эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь бидний суралцах ёстой, орлого бүрдүүлэх боломж буйн тод жишээ. Тиймээс жижиг бизнесүүд нэгдэж, нэгдсэн нэг стандартаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний брэндинг хийж, олон улсад өрсөлдвөл илүү их амжилт олно гэдгийг МҮХАҮТ-ын зөвлөлийн гишүүн хэллээ.

Нөгөө талаар аялал жуулчлалыг экспортын нэг гарц гэж харж, жуулчдад зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, борлуулах нь өөрөө экспорт, тухайлбал, манайд ирсэн жуулчны өглөөний цайнд "Lipton" цай бус газар зүйн заалттай, монгол цайгаа өгөх нь энгийн мөртлөө үр нөлөөтэй шийдэл болохыг Монголын аялал жуулчлалын холбооныхон хүнс үйлдвэрлэгч, үйлчилгээний салбарт хандан уриаллаа.

Эх сурвалж: ХХААХҮЯам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)