НҮБ-ын хүний эрхийн зөвлөл Хятад улсын хүний эрхийн зөрчлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ
- 2018-11-05
- Дэлхий
- 0
Хятад улсын хүний эрхийн зөрчлийн асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл маргааш (2018.XI.6) хэлэлцүүлэг өрнүүлнэ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2013 оноос хойш анх удаа Хятад улсын хүний эрхийн зөрчлийн баримтыг хэлэлцүүлэх болж буй бөгөөд энэ удаад уйгур болон түвдүүдийн асуудалд голчлон анхаарах аж. Тухайлбал, Шинжаан-Уйгурт нэг сая хүнийг хоморголон хорьсон зэрэг баримтыг хэлэлцүүлнэ. Хурлын өмнө хүний эрхийн идэвхтнүүд НҮБ-ын гишүүн орнуудад хандан Хятад улсад шахалт үзүүлэхийг уриалж байна.
Шинжаан-Уйгурт хан үндэстэн болон уйгуруудын хоорондох зөрчилт мөргөлдөөнөөс болж олон зуун хүн амь үрэгдсэнийг хүний эрхийн тэмцэгчид, барууны хэвлэлүүд онцолдог. Тухайлбал, 2009 онд Шинжаан-Уйгарын төв Өрөмч хотод уйгар болон хан үндэстний хооронд мөргөлдөөн болсны улмаас 200 гаруй хүн амиа алдсан. Шинжаан-Уйгурт исламын шашинтан 10 сая гаруй хүн оршин суудаг. Хүний эрхийн тэмцэгчдийн мэдээлснээр Бээжин нь тус бүс нутагт нууц баазын сүлжээг бий болгох замаар оршин суугчдын хүслийн эсрэг итгэл үнэмшлийг өөрчлөх оролдлого хийдэг гэжээ. Харин Хятадын эрх баригчид хөнгөвтөр зөрчлийн хэрэгт холбогдсон цөөн тооны оршин суугчдыг мэргэжил олгох төвүүдэд илгээдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Хятад улсын эрх баригчид Шинжаан-Уйгур дахь исламын дайчид, салан тусгаарлагчдын аюул заналхийллийн талаар ярьдаг.
“Өнгөрсөн таван жилийн хугацаанд Шинжаан Уйгур болон Түвдийн бүс нутагт хүний эрхийг зөрчих асуудал хүндэрч, төсөөлшгүй хэмжээнд хүрсэн. Тиймээс бусад орнууд энэ асуудалд дуу хоолойгоо илүү хүчтэй, чангаар хүргэх хэрэгтэй” хэмээн Мюнхенд төвтэй “Дэлхийн уйгурын конгресс”-ын ерөнхийлөгч Долкун Иса мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Женевт болсон идэвхтнүүдийн хурлын үеэр “Reuters” агентлагт Хятадын хүний эрхийн зөрчлийн асуудлаар ярилцлага өгсөн байна. Долкун Исагийн хэлснээр “цагдаагийн муж” болсон Шинжаан-Уйгур дахь төвлөрсөн лагерьт хоригдож байхдаа нас баржээ. Тус хорих лагерьт орсон хүмүүс буцаж гарч ирж байхыг хараагүй гэж тэрбээр ярьсан байна. Хятад дахь хүний эрхийн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Шарон Хом “олон сая уйгур үндэстнийг хорих асуудал олон улсын хүрээнд гол асуудал болоод байгааг онцолжээ.
НҮБ-ын хуралд Хятадын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны дэд сайд Ле Юнчен даргалах аж. Түвдийн нутгаасаа хөөгдөгсдийн засгийн газрын тэргүүн Лувсан Сангай Женевт болсон хурлын үеэр хэлсэн үгэндээ “Хятадын шинэ эриний социализм бол ардчилалгүй, нэг намын дарангуйлал бөгөөд тэнд ямар ч хүний эрх байхгүй” хэмээн мэдэгджээ. “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Хятадад хариуцлага тооцож чадахгүй бол өөр хэн чадна гэж” хэмээн ламын хувцас өмссөн Гөлөг Жигмэ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр 2015 онд Швейцарь улсаас улс төрийн орогнол авах хүртлээ Хятадад гурван удаа хорих ял эдэлсэн аж.
НҮБ-ын гишүүн тус бүр дөрвөн жил тутамд хүний эрхийн асуудлаар илтгэл тавьдаг уламжлалтай. Гэвч тус байгууллага нь гишүүддээ заавал биелүүлэх үүрэг даалгавар өгөх эрх мэдэлтэй биш. Хятад улс өмнө нь 2013 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илтгэлээ тавьж байв. Энэ нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Бээжингийн танилцуулсан хоёр дахь, Ши Жиньпин Хятадын дарга болсноос хойших анхны илтгэл байв. Харин 2009 онд анх удаа хүний эрхийн илтгэлээ танилцуулахдаа Хятадын албаныхан ядуурлыг бууруулах, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах амлалт өгч байжээ.
Сэтгэгдэл (0)