1.8 тэрбум хүүхэд хортой агаараар амьсгалж байна
- 2018-11-30
- Дэлхий
- 0
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн нийт хүүхдийн 90 хувь буюу 1.8 тэрбум хүүхэд хортой агаараар амьсгалдаг. Ингэснээр тэдний оюун ухаан боломжит дээд цэгтээ хүртэл хөгжихгүй байгаа талаар ДЭМБ-ын тус судалгаанд дурджээ. Агаар газартай ойртох тусмаа улам бохир байдаг учир хүүхдүүд ихээр өртдөг гэнэ. Бохир агаар хүүхдийн дотоод эрхтэн, мэдрэлийн системд насанд хүрэгчдийнхээс илүү нөлөөлдөг болохыг мөн дурдсан байна.
Анагаахын мэргэжилтнүүд баян ядуу гэлтгүй бүх орны хүүхдүүдийн дунд багтраа, астма зэрэг олон төрлийн өвчлөл үүсгэж байгааг онцолжээ. Хөгжиж буй болон өндөр хөжгилтэй орон ялгаагүй агаарын бохирдолд өртөж ирээдүй хойч үеэ энэ бохирдлоос үүдэлтэй өвчнөөс болж маш ихээр алдаж буй харамсалтай тоо баримт их байна. Тухайлбал,
ДЭМБ-ын ерөнхий захирал Др. Тедрос Адхан "Бохирдсон агаар олон сая хүүхдийг хордуулж, амьдралыг нь сүйтгэж байна. Хүүхэд бүр цэвэр агаараар амьсгалах ёстой. Тэгж байж тэд илүү ухаантай, оюуны чадвар өндөртэй байдаг” хэмээн онцолсон байна.
Тиймээс ДЭМБ, Дэлхийн банктай хамтран агаарын бохирдол, байгаль орчны байгууллагуудтай анхны нэгдсэн “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” хэмээх том хурлыг Женевт гурван өдрийн турш зохион байгуулж байна.
ДЭМБ-ын судалгаагаар агаарын бохирдолд хүүхдүүд илүү өртөмтгий байдаг аж. Энэ нь тэдний хөгжиж буй эрхтэн ба мэдрэлийн системд насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад илүү сөргөөр нөлөөлдгийг тогтоосон байна.
"Агаарын бохирдол бидний хүүхдүүдийн тархинд нөлөөлж, тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна" гэж ДЭМБ-ын Нийгмийн эрүүл мэнд, байгаль орчны захирал доктор Мариа энэ хурлын үеэр онцолсон байна.
Дэлхийн агаарын бохирдол өндөртэй орны тэргүүн эгнээнд Энэтхэг улс оржээ. Тус улсын 10 орчим хотод агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин өндөр байдаг байна.
Судалгаагаар дэлхий даяар нийт 600 мянган хүүхэд амьсгалын замын цочмог халдвараас болж нас барж, тэдний 93 хувь нь хамгийн хортой бохирдуулагч болох PM 2.5-т өртсөн гэж тогтоожээ. Жил бүр дэлхий даяар долоон сая хүн агаарын бохирдолтой холбоотой өвчин эмгэгээс болж хорвоог орхиж байна. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд ДЭМБ-аас эрүүл мэнд байгаль орчин зэрэг олон талыг хамруулсан “Агаарын чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх - амь насыг аврах” уриа дэвшүүлэн анхны томоохон хэмжээний хурлыг зохион байгуулж байгаа аж. Энэ хурлаас дэлхий нийтээр агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх цаашдын чиглэлээ олж авах боломжтой гэж дэлхий нийт үзэж байна.
Эх сурвалж: https://www.theguardian.com
С.Хорлоо
Сэтгэгдэл (0)