Мянган жилийн настай бичээсийг худалджээ

XI зууны үеийн нэрт зураач, уран бүтээлч Сү Шийн бүтээсэн чулуу, модыг дүрслэн уран бичлэг шигтгэсэн бичээсийг Хонконгийн дуудлага худалдаагаар 59.2 сая ам.доллараар нэрээ нууцалсан хүн худалдан авчээ. Энэ нь Хятад сонгодог уран зураг, уран бичлэг бүхий бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болсныг “China Daily” сонин уламжиллаа. “Мод, чулуу” нэртэй энэхүү бүтээл нь 26 сантиметр өргөн 50 сантиметр урттай бөгөөд Сүн улсын үеийн нэрт уран бүтээлч Сү Ши (1037-1101он) зурсан байна. Түүнийг Хятадын уламжлалт зургийн түүхэнд шинэ өнгө аяс нэмсэн хэмээн үнэлэгддэг.

Сүн улсын үеийн дөрвөн аугаа бичээсийн нэг болох “Мод, чулуу”-ны талаар “Тайвшрал, нам гүмийг мэдрүүлэх хулсны мөчир, хачирхалтай хэлбэр бүхий чулууг санамсаргүй хааш яаш гэмээр таталган зурж, уран бичлэгээр бичсэн энэхүү зураг цайвар, бараан өнгүүдийг зохируулан дэглэснээрээ урлаг судлаачдын анхаарлыг ихэд татдаг” хэмээн “Christie's” дуудлага худалдааны мэргэжилтэн онцолжээ. Сү Шийн бусад бүтээлийг Хятадын үндэсний уран зургийн музейд хадгалдаг аж. Дашрамд өгүүлэхэд, Сү Шийг амьдралынхаа сүүлчийн хагасыг цөллөгт өнгөрүүлсэн агаад яруу найраг, уран бичлэг, уран зураг, анагаах ухааны салбарт олон сод туурвилыг үлдээсэн юм.

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)