Орчуулагч чихэвч үйлдвэрлэжээ
- 2018-12-05
- Дэлхий
- 0
АНУ-ын “Timekettle” стартап компани чихэвчийг синхрон орчуулагч болгон хөгжүүлсэн хоёр дахь хувилбараа танилцуулжээ. Энэхүү чихэвч англи, франц, герман, хятад болон япон хэлнээс шууд синхрон орчуулга хийдэг. Мөн орчуулсан үгээ дуут хоолойгоор сонсгохоос гадна текстэн хэлбэрт ч шилжүүлэн гаргадаг. Хөгжүүлэгч компанийн талаас мэдээлснээр тун удахгүй энэ чихэвчдээ араб, португали, тайланд зэрэг улс орны хэлийг суулгах юм байна. Энэ нь ухаалаг гар утасны тусгай аппликейшн болон bluetooth чихэвчний хослол.
Чихэвч бүрэн цэнэгээрээ хоёр цаг ажилладаг ба түргэн шуурхай, утгын алдаагүй орчуулгын програм суурилуулсан юм байна. Үйлвэрлэгчдийн мэдээлснээр, ухаалаг чихэвч хүний яриаг гурван секундэд орчуулах чадалтай аж . “WT-2” чихэвч хэвийн автомат орчуулга, хурдан ярианы асуулт болон хариултын орчуулга, шуугиантай орчинд ярьсан ярианы орчуулга гэсэн ажиллагааны гурван горимтой гэнэ. Хамгийн гол анхаарал татсан шинэлэг боломж бол харилцах гэж байгаа хүнтэйгээ өөд өөдөөсөө харж зогсон ямар нэгэн гар хөлийн нэмэлт хөдөлгөөн хийлгүйгээр чөлөөтэй ярилцах, тухайн яриаг орчуулж чадах боломж юм.
С.Хорлоо
Сэтгэгдэл (0)