Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
- 2018-12-05
- Байгаль орчин
- 0
Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Тус зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ажлын албаны албан хаагчид, бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нар оролцож байгаа юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ шүүхийн шинэтгэл хэрэгжиж эхэлснээс хойших таван жилийн хугацаанд багагүй амжилтад хүрснийг гадаад, дотоодын судалгааны байгууллагууд хүлээн зөвшөөрснийг дурдаад шүүхийн захиргааг бие даалгасан амжилтыг онцоллоо.
Шүүхийн захиргааны байгууллага 2018 оныхоо ажлыг дүгнэхээс гадна ирэх оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг энэ зөвлөгөөнөөр хэлэлцдэг уламжлалтай. Ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний нэг эх сурвалж нь шүүхийн тамгын газрын дарга нарын дүгнэлт, санаачилга байна гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцолсон юм. Мөн нийгмийн мэдрэмж, иргэдийн шаардлага, судалгааны үр дүнд тулгуурлаж ирэх оныхоо ажлыг тодорхойлох аж. Шүүхийн захиргааны байгууллагын өдөр тутмын ажлыг хариуцаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжүүдийн саналд анализ хийж ирэх онд хийх ажлаа төлөвлөнө гэдгийг мөн илэрхийлсэн.
Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөр бүх шатны шүүхийн тамгын газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүн, тамгын газрын даргын мэргэшлийн түвшинг үнэлнэ. Тиймээс зөвлөгөөний эхний өдөр бүх шүүхийн тамгын газрын дарга ажлынхаа тайланг товч танилцуулна. Харин маргааш Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд шүүхийн тамгын газрын даргын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлж, сургалт зохион байгуулна.
Энэ сарын 5-7-нд үргэлжлэх уг зөвлөгөөний сүүлийн өдөр бүх шатны шүүхийн тамгын газруудын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулна. Мөн энэ үйл ажиллагаагаараа тэргүүлсэн шилдэг тамгын газруудад шагнал гардуулах арга хэмжээ болох юм.
Сэтгэгдэл (0)