Цагаач ажилчдын тоо есөн хувиар өсчээ
- 2018-12-07
- Дэлхий
- 0
Улсаасаа өөр оронд ажиллаж буй буюу цагаач ажилчдын тоо дэлхийн хэмжээнд 164 саяд хүрсэн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайланд мэдээлжээ. Ингэснээр 2013 оноос хойш цагаач ажилчдын тоо есөн хувиар өссөн үзүүлэлт болж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас өнгөрсөн лхагва гарагт гаргасан Дэлхийн цагаач ажилчдын талаарх тайланд мэдээлснээр, нийт цагаач ажилчдын 68 орчим хувь нь орлогын түвшин өндөр орнуудад, 18 хувь нь орлогын түвшин дунджаас дээгүүр орнуудад ажиллаж байгаа бол 10 гаруй хувь нь орлогын түвшин дунджаас доогуур орнуудад ажиллаж байгаа аж. Харин гурван хувь нь орлогын түвшин бага орнуудад ажиллаж байна. Түүнчлэн нийт цагаач ажилчдын 87 орчим хувийг хөдөлмөр эрхлэх насны буюу 25-64 настай иргэд бүрдүүлж байгаа нь уг ажилчдын төрөлх орнууд ажиллах хүчний хамгийн идэвхтэй хүн амаа алдаж байна гэсэн үг юм. 2013-2017 онд орлогын түвшин өндөр орнуудад ажиллах цагаач ажилчдын тоо 74 хувиас 67 хувь болж буурсан бол орлогын түвшин дунджаас дээгүүр орнуудын цагаач ажилчдын тоо өссөн үзүүлэлт ажиглагджээ.
Цагаач ажилчдын 93.7 сая нь эрэгтэйчүүд бол 66.6 сая нь эмэгтэйчүүд аж. Судалгаанаас үзвэл цагаач ажилчдын олонх нь буюу 106.8 сая нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бол 26.7 сая нь аж үйлдвэр, барилгын салбарт, 16.7 сая нь хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж байна. Түүнчлэн цагаач ажилчдын бараг тал нь буюу 48.5 хувь нь Хойд Америк, Хойд, Өмнөд болон баруун Европт ажилладаг байна. Мөн цагаач ажилчдын найман хувь нь гэрийн үйлчлэгч хийдэг аж. Энэ салбарт ялгаварлан гадуурхах янз бүрийн хэлбэр цөөнгүй тохиолддог бөгөөд эдийн засгийн зохицуулалт харьцангуй бага байдаг учраас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинжээчид ихээхэн санаа зовж байна. Гэрийн үйлчлэгч хийдэг нийт 67.1 сая хүний 17.2 хувь нь цагаачид бөгөөд тэдний олонх нь эмэгтэйчүүд аж.
Г.Номин
Сэтгэгдэл (0)