Палладигийн ханш алтны үнийг давлаа
- 2018-12-11
- Дэлхий
- 0
Паллади металлын үнэ сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа алтны үнээс давсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн лхагва гарагийн арилжааны явцад паллади металлын үнэ унц нь 1256 ам.долларт хүрсэн нь өмнөх арилжааны хаалтын ханшаас 1.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин унц алт 1237 ам.доллараар арилжаалагдаж байна. Автомашин угсралтад ашиглагддаг палладий металлын хомсдол үүсэх болгоомжлол бий болсонтой холбоотойгоор үнэ нь нэмэгдсэн байна. “Metal Focus”-ын судалгаанд дурдсанаар, паллади металлын хомсдол ирэх онд нэмэгдэнэ гэж үзэж байна.
Үнэд орж байгаа палладийг олборлогч гол орон нь ОХУ болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс. ОХУ-ын “Норильский никель” компани дэлхийн зах зэлийн 40 хувийг атгадаг бөгөөд гол орд нь “Таймыр – Талнахское”, “Октябрьское”, “Норильск-1”, “Кольск” зэрэг арал дээр байрладаг. Сонирхолтой нь паллади сансрын солир дотор ч багагүй хэмжээгээр байдаг гэнэ. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орны эрдэмтэд сансрын биетээс гадна ойрын гарагуудад ховор метал их хэмжээтэй байх магадлалтай гэж үзэх болжээ.
Хятадын хиймэл дагуулд зөвхөн энэ зорилгоор судалгаа хийх төхөөрөмж анх удаа сансарт хөөргөсөн. Дэлхийн зах зээл дээр олборлосон нийт палладийн 70 хувийг авто машинд, арван хувийг цахилгаан үйлдвэрт, үлдсэн 20 хувийг эрүүл мэнд, технологи, хими, гоёл болон хүнсний салбарт хэрэглэж байна. Дээрх эрдсийн томоохон хэрэглэгч нь өндөр хөгжилтэй орнууд.
Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-palladium-gold-price-idUSKBN1O423Y
Г.Номулан
Сэтгэгдэл (0)