БНХАУ ирэх онд 2500 км төмөр замыг ашиглалтад оруулна


БНХАУ өндөр хурдны төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2500 км урттай замыг энэ оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тухай http://www.globaltimes.cn сайтад мэдээлжээ. Нийт 553 төмөр зам ашиглалтад орох бөгөөд тус улсын төмөр замын хүчин чадлыг есөн хувиар нэмэгдүүлэхээр байгаа юм. Эхний ээлжинд  Ляонин мужийн  “Fuxin”, “Chaoyang”, Хэбэй мужийн “Chengde”, Өвөрмонголын Тонглио, Хэйлонжан мужийн  Манданжян,  Шаньдун муж, Лянсуанг, Ючэнг зэрэг хотод төмөр зам тавих юм байна. Тус улсын сүүлийн 20 жилд барьсан хурдны болон өндөр хурдны төмөр замын сүлжээ Япон, Европын төмөр замын сүлжээг нийлүүлснээс ч их болсон билээ. Бээжин өндөр хурдны төмөр зам барих анхны төслийг 2004 онд боловсруулж байв. 10 жилийн дараа төмөр замын сүлжээ 28 муж, автоном район, хотыг хамарчээ. 2006-2010 онд улсын төслөөр баригдсан өндөр хурдны төмөр замыг “4х4” томьёоллоор барьсан бөгөөд Хятадын өмнөөс умард руу дөрөв, баруунаас дорно руу дөрөв, нийтдээ найман том замыг барьж дуусгасан байна.  

Бээжингээс  Харбин хот хүртэлх төмөр замыг  долоон жилийн дотор, Бээжингээс Шанхай хүртэлх 1.5 мянган км замыг дөрөвхөн жилийн дотор барьжээ. Зөвхөн 2014 онд ашиглалтад орсон 8000 км замын 5000 нь өндөр хурдны зам байна.  Одоогийн байдлаар нийтдээ Хятадад баригдсан өндөр хурдны төмөр замын урт 16 мянган км-т хүрчээ. Ийм том төслүүдэд их мөнгө орох нь мэдээж. Хятадын төмөр замын корпорацийн мэдээлснээр 2014 онд төмөр замд хийсэн хөрөнгө оруулалт 800 тэрбум юаньд хүрсэн байна. Тус улсын Тээврийн яам өнгөрсөн 2004 оноос хойш төмөр замын бүтээн байгуулалтад зориулж, 10-15 жилийн хугацаатай жилийн 4.8-5 хувийн нөхцөлтэй зээл олгож буй юм.  

Тус улс өнгөрсөн 2016 онд эдийн засагтаа түлхэц өгөх зорилгоор 2018 км төмөр зам шинээр нэмж барьсан бөгөөд 25 шугамыг шинээр тавьж, төслийн хүрээнд Зэйжянь, Шинжаан дүүргийг хамруулж, 126 тэрбум ам.доллар буюу тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.7 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт гаргасан байна. Энэ оны эхний улирлын байдлаар БНХАУ-ын төмөр замын төслүүдэд оруулсан хөрөнгийн хэмжээ 28 хувиар нэмэгдэж 54.51 тэрбум юань буюу 8.65 тэрбум ам. долларт хүрчээ. Харин шинэ төмөр замын төсөл хөтөлбөрийг удирдан явуулж байгаа БНХАУ-ын Төмөр замын яам ажлаа хурдавчлах зорилгоор төслийн хэрэгжүүлэгчээр Төмөр замын корпорацид хариуцуулахаар болжээ.  Үүнээс гадна Хонконгийн хөрөнгө оруулалтын "NWS Holding" компани БНХАУ-д төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхэд 1.76 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Энэ хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь тээвэр ложистикийн 18 шинэ барилгад зарцуулагдах аж.

Тус компани жил бүр 140 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бусад дэд бүтцэд оруулах юм байна. Төмөр зам барих нэг ажил. Харин түүгээр явах галт тэрэг үйлдвэрлэх өөр ажил. Саяхныг хүртэл хятадууд Европ, Хойд Америк, Японы (Bombardier, Alstom, Siemens, Kawasaki) галт тэргийг авдаг байсан бол одоо өөрсдөө үйлдвэрлэдэг болсон байна. Үйлдвэрлээд зогсохгүй гадагш нь нийлүүлдэг болж. 2011 онд Хятадын зам тээврийн яам Азийн гэх тодотголтой төмөр замын төсөл боловсруулсан талаар мэдэгдсэн.  

Стратеги нь энгийн. Хятад Улс бусад орноос бэлэн төмөр замыг нь худалдаж аваад засна, нэмээд шинэ зам барина.  Азийн төмөр зам нь Лаос, Вьетнам, Камбож, Таиланд, Малайз, Мьянмар, Сингапур зэрэг өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч Азийн гол орнуудыг нэгтгэх юм.
Хятадын Засгийн газрын өөр нэг амбицлаг төсөл бол Шинэ торгоны зам. Энэ төмөр зам манай гарагийн гурван тэрбум хүн амьдардаг Евразийн 18 орныг дайрч өнгөрнө. 2014 онд Хятадын олон арван мужаас Төв Ази, Европын орнууд руу 285 барааны галт тэрэг явжээ.  Үүнээс гадна Хятадууд “Хятад, Пакистаны эдийн засгийн суваг” байгуулах тухай ярьж “Далайн торгоны зам” бий болгох тухай  АСЕАН-ы орнуудтай тохиролцож байна.

Эх сурвалж: http://www.globaltimes.cn/content/1130974.shtml

                                                                                                                                                  Г.Номуулин 

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)