“Оны онцлох хүн”-ээр тодрох магадлалтай хүмүүсийн жагсаалтад Путин, Трамп нар багтжээ
- 2018-12-12
- Дэлхий
- 1
АНУ-ын “Тime” сэтгүүл жил бүр “Оны онцлох хүн”-ийг нэрлэдэг уламжлалтай. Энэ жилийн онцлох хүнээр тодрох магадлалтай хүмүүсийн дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп нар дээгүүр жагсаж байгаа аж. ОХУ-ын удирдагчийн хувьд өнгөрсөн хавар болсон Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, дахин зургаан жил төр барих эрхээ баталгаажуулсныг “Тime” сэтгүүлийн редакц дурдаад, 2016 оны Америкийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтан Сергей Скрипалийг Их Британид хордуулсан зэрэгт Оросыг буруутгаж, Украинтай харилцах харилцаа нь илт хурцдаад байх үед Владимир Путин ийнхүү ялалт байгуулж чадсаныг онцолсон байна.
Харин Дональд Трампын засаг захиргааны тухайд “Зөрчилтэй бодлого” хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Америкийн сонгуульд оросууд нөлөөлсөн гэдэг хардлагаас үүдэлтэй мөрдөн шалгалтын улмаас ихээхэн саад бэрхшээлтэй тулгарч байгааг “Тime” сэтгүүл мэдээлжээ. Уг асуудлыг 2017 оны тавдугаар сараас хойш шалгаж, хэдийнэ 32 хувь хүн, гурван компанид ял тулгаад байгаа АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерийг мөн “Тime”-ын “Онцлох хүн”-ээр шалгарах магадлалтай хүмүүсийн тоонд оруулжээ. Турк Улсад амиа алдсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги, Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Пхеньян, Вашингтоны хооронд зуучилж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар бас жагсаалтад багтжээ. Түүнчлэн дэлхий даяар олон сая хүний анхаарлын төвд байгаа Британийн хунтайж Харригийн гэргий Меган Маркл, Америкийн “Хар ирвэс” киноны найруулагч Райан Куглер зэрэг хүмүүс мөн энэ жилийн "Онцлох хүн"-д нэр дэвшигчид дунд дээгүүр явааг “Тimes” сэтгүүлээс мэдээлжээ.
Б.Заяа
www.unen.mn
Сэтгэгдэл (1)
(31.30.172.20)
Trump Megan hoeriig bol demzine