Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нэн даруй авч хэрэгжүүлэх ажлын биелэлттэй танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрладаг 173 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд байрладаг 67 дугаар  сургуулиудад очиж, ажиллалаа.

Агаарын бохирдлын голомтод байрладаг сургууль, цэцэрлэгүүдийг төлөөлүүлэн дээрх сургууль, цэцэрлэгт ажиллахдаа Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний  биелэлттэй танилцсан юм.

Өргөдлийн байнгын хорооны 01 дүгээр тогтоолд ялангуяа утааны голомтод байгаа сургууль, цэцэрлэгийн анги танхим бүрийг агаар шүүгчээр бүрэн хангах, үдийн цайнд амин дэмтэй тэжээллэг хоол хүнсийг хүүхдүүдэд өгөх, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын төхөөрөмжөөр айл өрхийг хангах, утаа шүүдэг амны хаалтыг хүүхдүүдэд хэрэглүүлж хэвших, нүүрсээр галладаг төрийн байгууллагуудыг цахилгаан халаалтад шилжүүлэх, шахмал түлшээр айл өрхийг хангах зэрэг ажлуудыг нэн даруй авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна.

Өнгөрсөн хугацаанд тус байнгын хороонд нэр бүхий сургууль, цэцэрлэгүүд тодорхойгүй шалтганааар агаар шүүгч ажиллуулдаггүй, эсвэл хүүхдүүдийн байгаа газарт бус багш, эрхлэгч нар өрөөндөө тавьсан зэрэг гомдол, санал иргэдээс ирүүлжээ.

Иргэдийн энэхүү гомдол, саналтай холбогдуулж мэдээлэл тайлбарыг албан тушаалтнуудаас авсан юм. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэг нарын албан тушаалтнууд тогтоолын биелэлтийг хангах хүрээнд хийсэн ажлын талаар мэдээлэл өгөв.

Албан тушаалтнууд агаар шүүгчийг ажиллуулах талаар сургууль, цэцэрлэгийн багш нарт сургалт явуулсан, хүүхдүүдийн анги танхимд байрлуулж байна уу гэдэгт гэнэтийн шалгалт хийсэн гэх зэрэг мэдээллийг өглөө. 173 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Энхнаран агаар шүүгчийг ажиллуулах үедээ агаарын чанарыг илтгэж байгаа үзүүлэлтийг өдөрт хэд хэдэн удаа тэмдэглэн, тогтмол тэмдэглэл хийдэг бөгөөд энэ тэмдэглэлээр өглөө, оройд бохирдол байнга илэрдэг тухай ярив.

67 дугаар сургуулийн захирал Н.Алтансүх агаар шүүгчийг бүх ангид байрлуулсан ч зургаан сар болоод солих заалттай агаар шүүгчийн филтер худалдаж авах мөнгийг төсөвт тусгаагүй талаар хэллээ.

 

Ийнхүү ажилласны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тогтоолын биелэлтийг бүрэн, чанартай хангаж ажиллах талаар ажлаа эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (70.31.70.196)

    2018-12-13

    Агаар шүүгчийг гаднаас агаар ордог замд л тавьдаг агаарыг танхимд орохоос нь өмнө шүүх хэрэгтэй ш дээ.Танхим дотор шүүгч тваина гэдэг чинь нэргэсэн хойно нь хашгирч баыгаа хэрэг. Тэгээд ч бас л өнөө шахаа явж байгаа хэрэг.Цонхонд суурилуулах зориулалтын шүүгч л хэрэгтэы.Ер нь гэр хороололыг цаөлөхөөс өөр зөм баыхгүй.