БНХАУ ирэх дөрвөн жилд агаарын бохирдлоо бууруулахад 300 тэрбум ам.доллар зарцуулна

БНХАУ-ын нийслэл Бээжин орчмын 450 тосгон энэ онд нүүрснээс татгалзана гэж Бээжингийн холбогдох албаны хүмүүс мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Тус 450 тосгоны айл өрхүүд нүүрсний оронд хий, цахилгаанаар халаалтын асуудлаа шийдвэрлэх аж. Бээжин нь агаарын чанарыг сайжруулах хүчин чармайлтын хүрээнд 2013 оноос нүүрсний хэрэглээгээ багасгаж, цэвэр эрчим хүч хэрэглэж эхэлсэн юм. Бээжингийн ойролцоох 369 мянган өрх бүхий 901 тосгон өнгөрсөн онд нүүрснээс татгалзсан гэнэ. Одоогийн байдлаар Бээжингийн нутаг дэвсгэрт харьяалагддаг 2500 тосгоны 950 мянган айл өрх нүүрснээс татгалзаад байгаа ажээ.

Түүнчлэн 2022 оны Өвлийн олимп БНХАУ-д болохтой холбогдуулан олимпийн тоглолт болох тосгод болон ойролцоох тосгодуудыг төвийн дулааны шугамтай холбох болон сэргээгдэх эрчим хүчээр дулааны болон цахилгааны асуудлыг нь шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. БНХАУ-ын Засгийн Газар ирэх онд агаарын бохирдолтой тэмцэхэд гурав орчим тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Хятадын нийслэл хотынхоо агаарын чанарыг сайжруулахын тулд эрчимтэй арга хэмжээ авч, сүүлийн жилүүдэд гайхалтай үр дүнд хүрээд байгаа. Бээжин хот дахь PM2.5-ийн дундаж нягтаршил 2018 он гэхэд 58 микрограмм байсан нь 2017 онтой харьцуулахад 20.5 хувиар бага байгаа юм. Өнгөрсөн 2017 онд БНХАУ-ын Орон нутгийн байгаль орчныг хамгаалах хороо улсынхаа хэмжээнд нүүрсээр ажилладаг багахан хэмжээний 11 мянган уурын зуухыг хаасан. Үүний зэрэгцээ зөвхөн Шаньси мужид л гэхэд сая орчим айл өрх нүүрснээс татгалзаж, цахилгаан эсвэл дулааны эрчим хүчээр ажилладаг халаалтын системд шилжсэн бөгөөд автобусын 59.8 хувь, таксины 21.3 хувь нь байгальд ээлтэй байгалийн хийгээр ажилладаг болоод байна. Шаньси бол эрчим хүчний гол бааз муж бөгөөд уул уурхай ихтэйгээс гадна химийн үйлдвэрүүдтэй БНХАУ-ын хамгийн бохирдолтой мужийн нэг. Сүүлийн хоёр жилд Бээжин хот агаарын бохирдлоо бууруулахад 30 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулж, зөвхөн 2017 онд гэхэд бараг 20 тэрбум юань зарцуулсан байна.

Бээжин хотын Хүрээлэн буй орчны газраас 2018-2022 оны “Цэвэр агаар” төслөө боловсруулаад буй аж. Тэгвэл “Цэвэр агаар” төсөлд том оврын болон хуучирсан автомашины тоог цөөлж, шинэ эрчим хүчний хөдөлгүүрт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, 2020 он гэхэд нүүрсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзаж, зургаан муждаа нүүрс худалдах, түгээхийг хориглох талаар багтжээ. Ард иргэддээ хандан цахилгаан болон байгалийн хийг түлхүү ашиглахыг Бээжингийн зүгээс уриалж эхлээд байгаа юм. Мөн 15 мянган үйлдвэрт агаарт цацаж буй хаягдлын мониторингийн систем суурилуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ мэтчилэн экологийн гамшгийг бууруулахад болон “Цэвэр агаар” төслөө хэрэгжүүлэхэд засаг захиргаанаас 300 тэрбум ам.доллараар зарцуулахаар болжээ. Хятад Улс Парисын гэрээнд гарын үсэг зурж, утааг бууруулах том зорилт урдаа тавьсан. Энэхүү зорилтод хүрэхэд сэргээгдэх эрчим хүчийг сонгох эсвэл нүүрсийг хэрэглээнээс халах гэсэн хоёр зам бий. Тус улс хоёр замыг хоёуланг нь сонгосон.
 

http://www.daijiworld.com/news/newsDisplay.aspx?newsID=493202

Б.Заяа

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)