Автомашины бензин зарцуулалтыг 30 хувиар бууруулах боломжтой
- 2018-12-13
- Дэлхий
- 0
Новосибирскийн нүүрстөрөгчийн наногуурс үйлдвэрлэгч "Ocsial" компани автомашины шатахуун зарцуулалтыг 30 хувиар бууруулах боломжтой дугуйны резинийг зохион бүтээжээ. Энэ тухай тус компанийн эрдэм шинжилгээнйи ажил хариуцсан орлогч захирал Вячеслав Мурадян мэдээлсэн байна. Тэрбээр “Энгийн үгээр тайлбарлавал автомашин явж байхад дугуй нь халж зөөлөрдөг учраас цааш явахад илүү их хүч шаардагддаг.
Харин бидний хийсэн резин нь халалт багатай учраас дугуй зөөлрөхгүй, хатуу хэвээр байдаг тул хүч бага шаардагдана, ингэснээр шатахуун хэмнэгдэнэ” гэжээ. Түүний хэлснээр, наногуурсаар сайжруулсан резинээр хийсэн хээтэй дугуй нь шатахуун зарцуулалтыг бууруулах боломжийг олгож байгаа ажээ. Одоо тус компани лабораторийн туршилт үр дүнтэй гэдгийг нотлохын тулд дугуй үйлдвэрлэгчидтэй хамтран туршилтын ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. "Ocsial" компани өөрийн үйлдвэрлэж буй дугуйныхаа үнийг хэрэглэгчдэд хүртээмжтэй болгохын тулд дугуйн материалын үнийг бууруулах тал дээр ажиллаж байгаа гэдгийг тэрбээр дурдлаа. Новосибирскийн технологийн паркт байрладаг "Ocsial" компани нь нүүрстөрөгчийн дан давхаргат нано гуурс үйлдвэрлэдэг дэлхий дээрх цорын ганц компани юм. Наногуурсын нийлэгжүүлэлтийн өртгийг эрс хямдруулах технологийг Новосибирскийн эрдэмтэн, төслийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч Михаил Предтеченский боловсруулжээ.
Б.Заяа
www.unen.mn
Сэтгэгдэл (0)