Александр Новак:Газрын тосны экспорт 4.7 хувиар өссөн

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакийн  “ТАСС” агентлагт   өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Газрын тосны ханш ОХУ-ын эдийн засагт  чухал нөлөөтэй.  Газрын тосны ханш ямар байвал ОХУ-д ашигтай вэ. Одоогийн ханш хэр тохиромжтой вэ?
- Одоогийн ханш бол үйлдвэрлэгч болон хэрэглэгчдэд аль алинд нь таатай ханш. Харин цаашид үнэ буурах эсвэл өсөх эсэх нь ОПЕК-ийн бүлгэмээс гаргасан шийдвэрээс гадна Иранаас хамаарна. Газрын тос, түүхий нефтийн хэрэглээгээр  АНУ дэлхийд тэргүүлдэг. Тус улс өдөрт дунджаар 19 сая баррель газрын тос хэрэглэдэг. Газрын тосны хэрэглээгээр АНУ-ын дараа дэлхийн хоёрдогч том эдийн засаг бүхий БНХАУ ордог. Тус улсын хэрэглээ өдөрт дунджаар 9.5 сая баррель түүхий нефтээр хэмжигдэж байна. Түүнчлэн Япон, Энэтхэг Улсууд хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Зах зээлийн ерөнхий төлөв байдлыг харвал  нийлүүлэлтийн илүүдэл газрын тосны зах зээлд зонхилж улмаар зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн алтан дүрмийн дагуу үнийн уналт явагдаж байгаа юм. Энэ тохиолдолд зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд аливаа улс орнууд, компаниуд зардлын хамгийн боломжит бага төвшинд хямд үнийн бодлого баримталж ажилладаг. Ингэснээр тухайн зах зээлд эзлэх байр сууриа хадгалж үлдэх боломж бий болдог юм. Энэ үед бага зардлаар ихийг  үйлдвэрлэх чадамжгүй жижиг компаниуд шахагдан гардаг. Өрсөлдөөний энэхүү стратегийн дагуу улс орнууд нийлүүлэлтээ улам нэмэгдүүлэх нь цаашид үнийг улам унагах эрсдэлд хүргэж байгаа юм. Харин манай улсын хувьд газрын тос ханш 50 ам.доллараас буурахгүй байсан тохиолдолд эдийн засгийн хувьд алдагдалгүй ажиллах боломжтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд газрын тосны ханш 50 гаруй хувиар буурч,  баррель тутамдаа 30 ам.доллар болж буурсан нь ОХУ төдийгүй дэлхийн олон орны хувьд хүндхэн цохилт болсон.

 

-АНУ Ираны түүхий нефтийн экспортод тавьсан хоригоо цуцалсан. Ингэснээр дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт нэмэгдэх эрсдэлтэй. Ираны экспортын талаар та юу хэлэх вэ?
 

- Ираны экспортын талаар яг юу болоод байгааг бид мэдэхгүй байна. Энэ  зөвхөн Тегеран болон Иранаас газрын тос худалдан авагчдын л асуудал. Энэ сарын дундуур  өнгөрсөн арваннэгдүгээр сарын дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн статистик гарах болно. Үүнээс л дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт ямар байгаа вэ гэдгийг харах  боломжтой.
 

-Одоогоор ОХУ өдөрт хэр хэмжээний газрын тос олборлож байгаа вэ?
 

-Өнгөрсөн аравдугаар сартай харьцуулахад арваннэгдүгээр сард олборлолт бага байсан. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг тогтворжуулахын тулд өнгөрсөн сард олборлолтоо өдөрт 40 мянган баррелиар бууруулсан.
 

-Жилийн эцэст буюу энэ сард олборлолтод өөрчлөлт гарах болов уу?
 

-Өөрчлөлт бараг гарахгүй гэж бодож байна.
 

-Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль-Фюгер өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тус улсын газрын тосны экспорт нэмэгдсэн талаар мэдээлсэн. ОХУ газрын тосны экспортоо нэмэгдүүлэхийн тулд юу хийж байгаа вэ?
 

-Манай улсын экспорт ч гэсэн нэмэгдсэн. Өнгөрсөн онтой харьцуулахад 4.7 хувиар өсөөд байна.

 

Б.Заяа

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)