Унгарчууд шинээр батлагдсан Хөдөлмөрийн хуулиа эсэргүүцэн жагслаа
- 2018-12-16
- Дэлхий
- 0
Унгар Улс Хөдөлмөрийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, хөдөлмөрийн цагийг жилд 400 байхаар хуульчилжээ. Унгарын парламент хуульд тусгах энэхүү нэмэлт өөрчлөлтийн талаар өнгөрсөн лхагва гарагт хэлэлцэн, хуулийн төслийг дэмжин баталсан байна. Шинээр батлагдсан хуулийн дагуу ажил олгогчдод тухайн ажилтанд үндсэн ажлын цагаас гадна жилд нэмэлтээр 250 цагийн ажил нэмж даалгах эрхтэй болж байгаа юм.
Түүнчлэн хуульд зааснаар ажил олгогч нэмэлт цагийн ажлын хөлсийг гурван жилийн хугацаанд төлж, үйлдвэрчний холбоо эвлэлээс гадуур тухайн ажилтантай шууд ажлын нөхцлийн талаар хэлэлцэн тохирох боломжтой аж. Үүнтэй холбоотойгоор Унгарын нийслэл Будапешт хотноо, парламентын ордныноо өмнө 2000 гаруй хүн цуглаж, Хөдөлмөрийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн жагсаад байна. Жагсаалд оролцож байгаа иргэд эрх баригч намын гишүүдийн баталсан хууль нь хөдөлмөр эрхлэгчдийн эрх чөлөөнд халдсан, тэднийг ажил олгогчдын “боол” болгон хувиргаж, ажлын цагийг дураар өөрчлөх, нэмэгдүүлэх эрх олгосон хууль гэж үзэж байна.
Унгарт дэгдсэн эсэргүүцлийн жагсаал цуглааныг энэ улсын сөрөг хүчин, зүүний намынхан болон үйлдвэрчдийн холбоод дэмжиж байгаа юм. Барууны популист нам шинээр батлагдсан Хөдөлмөрийн хуулийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлэх болно гэдгээ мөн мэдэгджээ. Будапешт хотноо, парламентын ордны дэргэд жагсаал хийсэн хүмүүс үдэш болохтой зэрэгцэн Дунай мөрний эрэг дагуу байрлах Маргит арлыг зорьж, тэдний замыг хаасан цагдаа хүчнийхэнтэй мөргөлдсөн байна. Жагсагчид Пештагаас Буду хүрэх гол замыг хааж, төр засгийнхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэн, хуулийг эргэн харах хүртэл үл захирагдах хөдөлгөөн, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхээ мэдэгдэж байгаа юм.
Б.Зулсар
Сэтгэгдэл (0)