Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
- 2018-12-18
- Байгаль орчин
- 0
Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолоор "Атрын III аян"-ыг улс орон даяар үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тус аяныг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг даалгасны дагуу холбогдох төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь БНХАУ-ын санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төсөл.
Төслийн хүрээнд газар тариалан, тэжээлийн үйлдэрлэлд нэн хэрэгцээтэй, нийт 24,5 сая ам.долларын өртөг бүхий 50-165 м.х-тэй трактор 180 ширхэг, хадлангийн зориулалттай дунд оврын иж бүрдэл техник 40 ширхэг, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай иж бүрдэл техник 20 ширхэг, 9890 га талбайг услах хүчин чадалтай усалгааны тоног төхөөрөмжийг БНХАУ-аас нийлүүлэх юм.
Эдгээр техник, тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр үр тариа, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан зохион байгуулна. "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих" төслийн хүрээнд нийлүүлэх техник тоног төхөөрөмжүүдийн эхний ээлж болох услалтын системүүдийг өчигдөр (2018.12.17) ТЭДС-д хүлээн авлаа.
Төслийг хэрэгжүүлснээр газар тариалангийн зүтгэх хүчний техникийн хүчин чадал одоо байгаа түвшнээс 10 хувиар нэмэгдэж, жилдээ 100 мянган тонн хадлан тэжээл, 10 мянган тонн таримал тэжээл бэлтгэх, үр тарианы 9200 га, төмс, хүнсний ногооны 450 га, жимс, жимсгэнийн 240 га талбайг услах техникийн чадамж шинээр бий болно. Ингэснээр үр тариа, тэжээлийн таримлын тариалалт, хураалтыг технологийн дагуу гүйцэтгэх, бүтээгдэхүүний чанар, хэмжээ өсөх, тариалангийн үйлдвэрлэл тогтворжиход чухал нөлөөтэй гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)