"Бүс ба Зам” санаачилгын хүрээнд ирэх 25 жилийн хугацаанд хийх бүтээн байгуулалт эрчимжинэ

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн 2013 онд "Торгоны замын эдийн засгийн бүс" болон "XXI зууны далайн торгоны зам" томоохон санаачилгыг  гаргаж, хураангуйлан "Бүс ба Зам" санаачилга хэмээн нэрлэсэн. Санаачилгын зорилго нь улс орнуудын дэд бүтцийн холбоог дэмжиж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж,  уялдаатай хөгжлийг дэмжиж,  хөгжлийн стратегитай уялдуулж, нийтлэг хөгжилд хүрэх явдал юм. 
2018 онд "Бүс ба Зам"-ын санаачилгын таван жилийн ой тохиосон билээ. Вашингтонд байрладаг Америкийн “Enterprise Institute” судалгааны байгууллага “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Бээжингийн дэлхийн улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ болон дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт хийсэн компаниудтай байгуулсан гэрээний талаарх тайланг нийтэлжээ. Тус  тайланд санаачилгын хүрээнд Бээжин өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн улс орнуудад 230 ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын тал орчим хувь нь буюу 148 тэрбум ам.доллар нь дэд бүтцийн салбарт зарцуулагдсан байна. Ингэхдээ тус улс дэд бүтцийн салбар дахь  бүтээн байглуулалтыг зөвхөн  төрийн өмчит компаниудаар хийлгэжээ. 

Мөн 2014-2017 оны хооронд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд дэлхийн улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын 43 хувийг Сингапур, Малайз, Орос, Израйль, Индонез гэсэн таван улс эзэлж байна. 2018 оны 1-6 сар хүртэлх хугацаанд  Хятадын компаниуд санаачилгын хүрээнд  55 улсад 7.68 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн 61 улстай 1922 гэрээнд  гарын үсэг зурж, гэрээний үнийн дүн нь  47.79 тэрбум ам.долларт хүрч, нийт эргэлт нь 38.95 тэрбум ам.доллар болсон талаар  Хятадын Худалдааны яамнаас мэдээлжээ. “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд улс   орнуудад зорчигч болон ачаа тээврийн 356 шугам нэвтэрч, олон улсын чиглэлийн агаар аяллын шугам 403 болж,  шууд нислэгийн тоо  нэмэгдсэн үзүүлэлтэй гарчээ.

Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэгээс саяхан хийсэн судалгаагаар тус улсын гадаад улс орнуудад хийх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ойрын 10 жилийн хугацаанд тогтвортой өсч, жилд дунджаар 27 орчим хувиар өснө хэмээн үзжээ. Энэ эрчээрээ ажилбал ирэх 25 жилийн хугацаанд санаачилгын хүрээнд дэлхийн улс орнуудад хийх бүтээн байгуулалт улам эрчимжинэ гэдгийг “Синьхуа” агентлаг мэдээлэв. Тодруулбал, Шри Ланка Улсад л гэхэд 13 тэрбум ам.долларын төсөв бүхий шинэ хот байгуулах ажлын эхлэлийг, тавьсан байна. Санаачилгыг хэрэгжүүлэх явцад тулгарч буй томоохон эрсдэл бол зарим бүтээн байгуулалт болон төслүүдийг байгаль орчны идэвхтэн болон нутгийн иргэд эсэргүүцэж буй явдал юм. 
Мьянмарт л гэхэд дэд бүтцийн салбарт БНХАУ-ын хөрөнгө оруулалт маш чухал байгаа ч 3.6 тэрбум ам.долларын төсөв бүхий далан барих төсөл байгаль орчин хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас зогсжээ. Үүнээс гадна улс төр болон эдийн засгийн нөхцөл байдлаас болоод зээл олгох, хөрөнгө оруулалт хийхэд асуудал тулгарч байгаа гэнэ. Тодруулбал, Венесуэль Улсад эдийн засгийн хямрал нүүрлэсний улмаас өндөр хурдны төмөр замын төсөл хэрэгжих боломжгүй болоод байна. Шинжээчдийн олонх нь “Бүс ба Зам” санаачилга худалдаа болоод хөгжил гэсэн нэрэн доорх улс төрийн шинж чанартай төсөл гэдэгт  санал нэгддэг.

Дэлхийн II дайны дараа үнс нурман дунд хоцорсон Европ тивийг босгож ирэхийн тулд 1948 онд АНУ “Маршал төлөвлөгөө” баталж, өнөөдрийн ханшаар 120 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн аж. Үүнээс 1960-д оны сүүлч гэхэд “Маршал төлөвлөгөө”-ний үр нөлөө гарч, төлөвлөгөөнд хамрагдсан баруун Европын орнуудын эдийн засаг хурдацтай хөгжсөнг харж болох юм . Эл байдлаас бусад орнуудад  дэмжлэг туслалцаа өгвөл эдийн засаг нь хурдацтай хөгжиж болох юм гэсэн дүгнэлтэд хүрцгээсэн.  Зарим шинжээчид “Бүс ба Зам” санаачилгыг “Маршал төлөвлөгөө”-тай адилтгадаг. “Хятадын Ази мөрөөдөл” номын зохиолч Том Миллер тус номондоо “Бүс ба Зам” бол Хятад Улс өөрийн байр суурийг Азид давамгайлах хүчээр түүхэн байр сууриа хадгалах оролдлогын нэг арга зам гэдэг тухай онцолсон байдаг.
 

Эх сурвалж: asia.nikkei.com
                                                                                                                                 С. Анирлан 

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)